ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 7 /TASS/. Индонезын Анак-Кракатау галт уулын дэлбэрэлтийн улмаас тус улсын найман нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоосон тухай “Antara” агентлаг мэдээлжээ. Өмнө нь зургаан нисэх буудлыг хаагаад байсан байна.
Тухайлбал, Жакарта хот дахь Сукарно-Хатта, Халим Перданакусума нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн Лампунг муж, Бандунг, Куруго, Өмнөд Тангеранг, Песисир Барат болон Пагар Алам дүүргүүдийн нисэх онгоцны буудлуудаас хийх нислэгийг түр зогсоосон байна.
Өнгөрсөн баасан гаргийн оройноос дэлбэрч эхэлсэн Анак-Кракатау галт уулнаас лав оргилж, үнс, утаа 15 мянга гаруй метийн өндөрт хүрчээ. Индонезын Цаг уурын албанаас мэдээлснээр, галт уулын дэлбэрэлтийн нүргээн 700 км хүртэлх зайд сонсогдсон байна. Одоогоор хүний амь эрсэдсэн болон гэмтсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Анак-Кракатау галт уул долоодугаар сард идэвхжиж эхлэхэд эрх баригчид аюулын түвшнийг дөрвөн шатлалын гуравдугаар түвшинд хүргэжээ.
1883 онд Кракатау галт уул дэлбэрсний улмаас 36 мянга орчим хүн амиа алдсан байна. Харин 1927 онд уг гамшгийн голомтод шинэ галт уул үүссэн нь Анак-Кракатау буюу “Кракатаугийн хүү” хэмээн нэрлэгджээ. Тус галт уул одоо ч идэвхтэй хэвээр байна.
2018 оны 12 дугаар сард Анак-Кракатау галт уулын хэсэг нурж, улмаар цунами үүссэний улмаас 430 гаруй хүн амиа алдаж, 14 мянга орчим хүн гэмтэж бэртэж байжээ.