КИЕВ, 2026 оны есдүгээр сарын 7 /Reuters/. Д.Трампын засаг захиргаа дөрвөн жил гаруй үргэлжилж буй Орос, Украины дайныг эцэслэх дипломат хүчин чармайлтаа дахин эрчимжүүлж эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнер, Стив Уиткофф нар ням гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо уулзсаныхаа дараа энх тайвны яриа хэлэлцээнд шинэ эрч нэмэгдэж байгааг сайшаажээ.
Ж.Кушнер, СУиткофф нар бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван цаг гаруй хэлэлцээ хийснийхээ дараа Москвагаас Киевт хүрэлцэн иржээ. Гэвч уулзалтаар мөргөлдөөнийг шийдвэрлэхэд томоохон ахиц гарсан шинж ажиглагдсангүй.
Д.Трампын тусгай элч С.Уиткофф Москвагийн уулзалтын үеэр “шинэ саналууд сонссон” гэж мэдэгдсэн хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Мөн АНУ-ын зуучлалаар Украин-Оросын шинэ шатны яриа хэлэлцээг “ойрын хугацаанд” зарлана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын элч төлөөлөгчидтэй хийсэн яриа хэлэлцээгээ “гүн гүнзгий агуулгатай” болсон хэмээн тодорхойлоод, Украины тал гурван талын хэлэлцээнд оролцоход бэлэн байгааг мэдэгджээ. Тэрбээр мөн Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцэд дахин цохилт өгөх төлөвтэй байгаа тул өвлөөс өмнө агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл болон эрчим хүчний салбарт дэмжлэг авах талаар хэлэлцсэн гэдгийг дурдсан байна .
Д.Трамп дайныг хурдан дуусгана гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан бөгөөд түүний уриалснаар АНУ-ын зуучлалаар хийгдсэн өмнөх хэлэлцээнүүд төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Тэрбээр баасан гарагт АНУ шинэ санал дэвшүүлсэн гэж мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Кремлийн туслах Юрий Ушаков бямба гаргийн уулзалтыг “маш үр дүнтэй” болсон гэж тодорхойлсон бол Цагаан ордны албан тушаалтан дараагийн алхмуудыг ойрын хэдэн долоо хоногт зарлана гэж мэдэгджээ.