МОСКВА, 2026 оны есдүгээр сарын 6 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бямба гарагт Кремльд АНУ-ын төлөөлөгчид болох Стив Уиткофф, Жаред Кушнер нартай уулзжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлэлцээний дараа мэдээлэхдээ, гурван гаруй цаг үргэлжилсэн уулзалт цаг үеэ олсон бөгөөд хоёр талын хувьд үр өгөөжтэй болсныг онцолжээ. Хэлэлцээний үеэр зөвхөн Украины асуудлыг зохицуулах талаар төдийгүй Орос, Америкийн хамтарч хэрэгжүүлж болох томоохон төслүүдиг мөн хэлэлцсэн байна.
АНУ-ын төлөөлөгчид бямба гарагт Москвад хүрэлцэн иржээ. Тэднийг Внуково нисэх онгоцны буудалд ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад орнуудтай хийх хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев угтан авсан байна.
Уулзалтын эхэнд В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хамгийн сайн сайхныг хүсэж, талархал илэрхийлж буйгаа уламжлахыг Америкийн төлөөлөгчдөөс хүсжээ.
С.Уиткофф хэлэлцээ хийх боломж бүрдүүлэхийн тулд Киев хот руу довтлохоо гурван өдөр зогсоосонд В.Путинд талархал илэрхийлсэн байна. Хариуд нь В.Путин өнөөдрийн 00:00 цагаас хойш Киевт цохилт өгөөгүй гэдгийг мэдэгдээд, Киевт цохилт өгөх ажиллагааг зогсоох хүсэлт албан ёсны сувгаар ирснийг хэлжээ. Түүнчлэн Украины талын довтолгооны тоо эрс цөөрсөн болохыг онцолсон байна.
“С.Уиткофф, Ж.Кушнер нар дайныг дуусгах саналыг Москвад авч очно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр мэдэгджээ. Гэхдээ шинэ саналын тухай яригдаж байгаа эсэхийг асуухад тэрбээр үгүй гэж хариулжээ.
Москва дахь хэлэлцээний дараа АНУ-ын төлөөлөгчид Киевийг зорьжээ. Энэ нь С.Уиткофф, Ж.Кушнер нар мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхээр Украины нийслэлд хийх анхны айлчлал болох юм.