Израиль Улстай хөдөө аж ахуй,  байгаль орчин, боловсролын чиглэлээр хамтран ажиллана

Улаанбаатар //. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Израиль Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (MASHAV)-ийн тэргүүн, Элчин сайдын статустай хатагтай Эйнат Шлейн, Израиль Улсаас БНХАУ-д суугаа, Монгол Улсыг хавсран хариуцсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элиав Белоцерковский, Израиль Улсын Монгол Улс дахь Өргөмжит консул Н.Наран, профессор Шимон Рахмилевич нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (МASHAV)-ийн санхүүжилтээр дэлхийн 350 мянга гаруй иргэнийг богино, урт хугацааны сургалтад хамруулсан ба Монгол Улсын мэргэжилтнүүдийг хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчны чиглэлээр суралцах боломжтойг уламжлав. Энэхүү богино, урт хугацааны сургалтад Монгол Улсын Хөдөө аж ахуйн сургуулийн оюутнуудыг хамруулах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд  зохион байгуулж байгаатай холбогдуулан хоёр орны ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хооронд цөлжилтийн эсрэг төсөл боловсруулж, хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн