Б.Дэлгэрсайхан: Дэд бүтцийн зурагт зэрлэг амьтдад зориулсан гармыг зайлшгүй тусгах болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр “Газар ба хүмүүс” сэдвээр үргэлжилж байна. Тус сэдвийн хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яамнаас “Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл” сэдэвт тусгайлсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр хэлэхдээ, Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын ажиллагааны идэвхтэй оролцоо туйлаас чухал гэдгийг онцлов. Түүнчлэн тэрбээр авто болон төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, дэд бүтцийн уялдаа холбоог бий болгох, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхдээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах тал дээр нягт хамтрахаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ авто болон төмөр замын зурагт төсөлд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыг зайлшгүй тусгах, онцгой нөхцөлөөр зааж өгөх, цаашлаад зураг төслийг магадлахдаа тал бүрийн зөвлөх инженер, судлаачидтай хамтарч байгаагаа хэллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Зам, тээврийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг 2013 оноос хойш зам, тээврийн салбарын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр холбогдох хууль эрх зүйн орчин, стандарт, норм, дүрэм журмыг боловсронгуй болгох, судалгаа шинжилгээний ажилд зөвлөмж, чиглэл өгч хамтран ажиллаж буй. Ажлын хэсгээс дээрх чиглэлийн хүрээнд үндэсний стандартыг шинээр боловсруулж, батлуулан мөрдүүлж байгаа аж. Үүнд, “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” , “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц”, “Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа” зэрэг ерөнхий шаардлагыг нэрлэж болох нь. Тэдгээрийн үр дүнгээс дурдвал, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын нутгаарх төмөр замын хориг хашааг авч, зэрлэг амьтад чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлжээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 261 км төмөр замд 32 гарц, гарам, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,2 км төмөр замд 27 гарц, гармыг тус тус барьсан байна. 

Хэлэлцүүлгийг Зам, тээврийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Байгаль орчныг хамгаалах олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулав.






Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн