Залуусын оролцоо COP17-гийн арын албыг өнгөлж байна

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 26 //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үйл ажиллагаанд Монголын залуус сайн дурын ажилтан, зохион байгуулагчаар идэвхтэй оролцож, олон улсын хэмжээний томоохон хурлын зохион байгуулалтын арын албыг хариуцахын зэрэгцээ эх орныхоо соёл, байгаль орчны асуудлыг дэлхийн төлөөлөгчдөд таниулж, шинэ мэдлэг, туршлага хуримтлуулж байна.

Энэ удаагийн COP17-ын үеэр соёлын өргөөнүүдэд Монголын театрын өв соёл, урлагийг гадаадын зочдод танилцуулах, тайлбарлах чиглэлээр орчуулагч, зохион байгуулагчаар ажиллаж буй МУИС-ийн Онолын математикийн ангийн 2 дугаар курсийн оюутан Г.Энхжин сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Энэ том хурлын үеэр олон үйл ажиллагаанд оролцож, соёлын өргөөнүүдэд ажиллахын зэрэгцээ гадаадын зочдод өөрийн орны соёлыг танилцуулж, өөрөө ч олон шинэ зүйл сурч мэдэж байна. Монголын соёлыг танилцуулахад гадаадын зочид ихэд сайхан хүлээж авч байгаа нь надад урам өгч байна. Мөн COP17-гийн бусад хэсгүүдээр явж, олон орны хүмүүстэй танилцан, гадаадын олон найзтай болсон. Хамт ажиллаж байгаа сайн дурын ажилтнуудтайгаа ч нөхөрлөж, танилын хүрээгээ тэлж чадлаа. Энэ бүхний хажуугаар маш их зүйл сурч, шинэ туршлага хуримтлуулж байна” хэмээн ярив.

Г.Энхжингийн хувьд COP17-д оролцсоноор Монгол Улсад цөлжилт ямар томоохон асуудал болсныг илүү ойлгожээ. Тэрбээр “Саяхан хэд хэдэн улсын төлөөлөгчдийн павильоноор орж, тэдний хэрэгжүүлж буй төсөл, шинэ санаачилгуудтай, танилцсан. Бид өөрсдөө хичээж, зөв шийдэл олж, ухаалаг, шинэлэг арга барилаар ажиллаж чадвал цөлжилт, усны хомсдол зэрэг асуудалтай тэмцэж, тодорхой үр дүнд хүрч чадна гэсэн итгэл төрж байна” гэв.

Харин МУИС-ийн Банкны хөтөлбөрийн 4 дүгээр курсийн оюутан Ё.Барсболд COP17-ын D бүс буюу хурлын үндсэн хэсгийн зохион байгуулалтад баг ахлан ажиллаж байна. Тэрбээр 15 хүний бүрэлдэхүүнтэй багийг удирдаж, хурлын танхимын бэлтгэл ажил, өдөр тутмын зохион байгуулалтыг иж бүрэн хариуцаж байгаа юм. Түүний ахалсан баг танхим бүрийн аудио, видео, микрофон, орчуулгын төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахаас эхлээд хурал хоорондын бэлтгэл ажлыг зохион байгуулах, төлөөлөгчдөд мэдээлэл өгөх, хурлыг цагийн хуваарийн дагуу сааталгүй явуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хариуцдаг. Ё.Барсболд өмнө нь “Techweek 2025”, “ICT Forum” зэрэг технологийн салбарын томоохон үйл ажиллагаанд сайн дурын ажилтнаар оролцож, зохион байгуулалтын бүхий л үе шатанд ажиллаж байсан туршлагатай. Энэхүү туршлага нь COP17-ын олон танхимын үйл ажиллагааг нэгэн зэрэг, чанартай зохион байгуулахад нь ихээхэн хэрэг болж байгаа аж.

Тэрбээр COP17-д оролцох болсон шалтгаанаа гурван зүйлээр тайлбарлав. “Нэгдүгээрт, өөрийгөө хөгжүүлж, шинэ туршлага хуримтлуулахыг зорьсон. Технологийн салбарын үндэсний хэмжээний чуулга уулзалтаас эхэлсэн зохион байгуулалтын туршлага өнөөдөр дэлхийн 190 гаруй орны төлөөлөгч оролцож буй НҮБ-ын COP17-гийн түвшинд хүрч, ахиж байгаад баяртай байна. Үүнийг өөрийн туршлага шинэ шатанд гарч буй томоохон сорилт гэж харж байгаа. 

Хоёрдугаарт, дэлхий дахинд тулгамдаж буй чухал асуудалтай холбоотой. Цөлжилт, газрын доройтлын асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш, хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой асуудал гэж боддог. Тиймээс түүхэн шийдвэрүүд гаргах энэ чухал хурлын ар талын үйл ажиллагааг найдвартай хангаж, зохион байгуулалтад нь хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж байна. 

Гуравдугаарт, залуусын манлайллыг харуулахыг хүссэн. Эх орондоо зохион байгуулж буй томоохон үйл ажиллагааны үеэр залуусыг манлайлан, 15 хүний бүрэлдэхүүнтэй багаа чиглүүлж, олон улсын стандартад нийцсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлэхийг зорьж байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн