ЦУОШГ-аас цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны хөгжил, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлгийг Ногоон бүсэд зохион байгууллаа.
ЦУОШГ-ын дарга Э.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Цаашид шинжлэх ухаанд суурилсан, үр дүнгээ бодитоор хэмждэг, дэвшилтэт технологи ашигладаг, байгаль орчин, хүний эрүүл мэндийн аюулгүй, цаг агаарт зориудаар нөлөөлөх тогтолцоог хөгжүүлнэ. Ингэхдээ цаг агаарын урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлэг, гангийн эрсдэлийн үнэлгээ, усны менежменттэй уялдуулах нь чухал”-ыг онцлов.
Хэлэлцүүлгээр цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын шинжлэх ухааны үндэслэл, технологийн шинэчлэл, үр нөлөөний үнэлгээ, эрх зүй, бодлогын орчин, санхүүжилт, хүний нөөцийн чадавх, олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Монголд шинжлэх ухаан, технологид суурилан үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх боломж, бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой байлаа.
Цаг агаарт зориудаар нөлөөлөхдөө шинжлэх ухааны үндэслэл, ажиглалт, судалгаа, үр нөлөөний үнэлгээнд тулгуурлах шаардлагатайг оролцогчид тодотгоод, хиймэл оюун, тоон загварчлал, цаг уурын радар, хиймэл дагуул, орчин үеийн ажиглалтын технологийг нэвтрүүлэх нь үр нөлөө, үр дүнг дээшлүүлэх боломж гэдгийг тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Монгол Улс хуримтлуулсан туршлага, мэдлэгээ олон улсын шинжлэх ухааны ололт, технологийн дэвшилтэй хослуулахын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг, туршлага, технологи солилцоог эрчимжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Хэлэлцүүлэгт Дэлхийн цаг уурын байгууллага, Францын Цаг уурын алба, МУИС болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцжээ.