Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-ийн далд уурхайд нуралт үүсэж, үйлдвэрлэлийн осол гарсантай холбогдуулан АҮЭБЯ-наас мэдээлэл гаргалаа.
Тус мэдээлэлд, “Оюутолгой компанийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд энэ сарын 29-ний 18:00 цагийн үед чичирхийлэл үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан. Осол гарсан даруйд Монгол Улсад мөрдөж буй аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмын хүрээнд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг шуурхай арга хэмжээ авч, далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтны уурхайгаас гаргаж, осолд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэн, эрүүл мэндийг нь хянаж, зарим ажилтныг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа тухай мэдээлэл ирүүлээд байна.
АҮЭБЯ-наас ослын тухай мэдээллийг тогтмол авч, шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, удирдамж өгч байна. Мөн ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийг АҮЭБЯ, АМГТГ, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж газар дээр нь ажиллуулж хяналт шалгалт хийж байна.
Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангуулах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог тасралтгүй сайжруулах чиглэлээр гаргасан Монгол Улсын хууль, дүрэм, журмууд, АҮЭБ-ийн сайдын албан даалгавар, Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэхийг салбарт үйл ажиллагаа явуулж буй уурхай, үйлдвэрийн газар, инженер, техникийн ажилтнуудад чиглэл болгож байна. Эрдэс баялгийн салбарын хамгийн үнэт баялаг бол уурхайчид билээ” гэжээ.
