ТОКИО, 2026 оны аравдугаар сарын 30 /TASS/. Индонезын нийслэл Жакарта хотод жагсагчид тус улсын Ерөнхийлөгч Прабово Субиантогоос ойн түймэр их хэмжээгээр гарч байгаатай холбогдуулан Ойн аж ахуйн сайд Ража Жули Антони болон түүний орлогчийг огцруулахыг шаардсан тухай “Темпо” мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ.

Аравдугаар сарын 29-нд нийслэлд болсон жагсаалд оролцсон оюутнууд уг шаардлагыг тавьсан байна. Тэдний үзэж байгаагаар, тус яам ойн түймэртэй тэмцэх чадваргүй байгаа аж. “Бид сайд болон түүний орлогчийг огцруулахыг шаардаж байна” гэж жагсагчид мэдэгдсэн байна.

Жагсаалын үеэр Индонезын Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын сайдын төлөөлөгч Бинбин Фирман Треснади жагсагчидтай уулзаж, Ойн аж ахуйн сайд болон түүний орлогчийг огцруулах шаардлагыг эрх баригчдад уламжлахаа амласан байна.

Жагсагчдын үзэж байгаагаар, Ойн аж ахуйн яам зарим компанийн зөрчилтэй үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй байгаа нь түймэр гарахад хүргэж байгаа аж. Тэд эрх баригчдад хандан эдийн засаг, байгал орчныг сэргээх, улс төр, боловсролын салбарыг шинэчлэх, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаа албан тушаалтнуудыг огцруулах, иргэдийн эрхийг дээдлэх зарчмыг сэргээх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьжээ.

Индонезын хэд хэдэн бүс нутагт сүүлийн хэдэн сар түймэр ассаар байгаа юм. Түймрийн утаа Малайз, Сингапур хүртэл тархаж, эдгээр улсын агаарын бохирдол түүхэн дээд хэмжээнд хүрчээ. “The Straits Times” сонинд мэдээлснээр, аравдугаар сарын 28-нд Индонезын томоохон хотуудад олон мянган оюутан жагсаал зохион байгуулж, ойн түймэр болон түүнээс үүдэлтэй утааг үндэсний хэмжээний гамшиг гэж зарлахыг Засгийн газраас шаардсан байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх