Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Ногоон бүсэд “Тогтвортой санхүүжилтийн мэдлэг солилцох уулзалт: ‘Өнө мөнхийн Монгол’ БХБС-ийн хөтөлбөрийн туршлага” хэлэлцүүлэг боллоо.
БОУАӨЯ, Сангийн яам, Монголын Байгалийн Өв Сан хамтран зохион байгуулсан уулзалтаар БОУАӨЯ-ны ахлах шинжээч Ц.Мөнхбат “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн загвар, 15 жилд 198 сая ам.долларын санхүүжилт бүрдүүлэх урт хугацааны зорилтыг танилцуулав.
Тогтвортой санхүүжилтийн механизмын зөвлөх багийн гишүүн А.Батбаяр үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэ загварыг сонирхуулж, төр, орон нутаг, донор, хувийн хэвшлийн санхүүжилтийг уялдуулах талаар онцолсон юм.
Хөтөлбөрийн зөвлөх С.Амартүвшин ТХГН-ийн нэвтрэх хураамж, байгалийн нөөц ашигласны төлбөр зэрэг судалгааны үр дүнг хуваалцаж, судалгааны байгууллагын хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотгож байлаа. Үүний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, их сургуулийн судалгааг бодит бодлого, санхүүгийн шийдэлтэй холбох талаар санал солилцжээ.