ХХААХҮЯ технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна

Монгол Улсын ногоон хөдөө аж ахуйн үндэсний экосистем “Agri Invest” хэлэлцүүлэг болж, салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломж, баримтлах бодлогыг ярилцлаа.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат энэ үеэр хэлэхдээ, өнөөдрийн хэлэлцүүлгүүдэд хөрөнгө оруулах боломжийг танилцуулахаас гадна төр, хувийн хэвшил, хөгжлийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ үеийн зорилгын эхлэл болохыг онцлоод, “ХХААХҮ-ийн салбар 2025 онд Монгол Улсын ДНБ-ий 34, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 49 хувийг ажлын байраар хангасан. Энэ нь манай салбар ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх боломжтойг харуулж байна” гэлээ.

ХХААХҮЯ технологи, менежмент татах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байнаМөн түүхий эдийн боловсруулалт, нэмүү өртөг шингээх шатанд тулгарч буй сорилтын тухайд, “Улсын аж үйлдвэрлэлийн статистикийг харахад, уул уурхайн олборлолт 70 гаруй, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12.5 хувийг л эзэлж байна. Үүнийг эдийн засгийн үр өгөөж болгохын тулд боловсруулах үйлдвэрлэл, агуулах, ложистик, хүйтэн хэлхээ, лаборатори, инновац, дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлттэй үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулах шаардлагатай. Иймд зөвхөн хөрөнгө бус мэдлэг, технологи, менежмент, олон улсын зах зээлд нэвтрэх туршлагыг хамтад нь авчрах урт хугацааны түншлэлийг эрхэмлэж байна” гэдгээ мэдэгдэв. Тэрбээр “Салбарын үйлдвэрлэл, худалдаа, экспортыг дэмжихэд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, шинэ тутам хөгжиж буй “карбоны зах зээл” зэрэг боломжийг нэвтрүүлэн, дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилт татах нь чухал байна. Монгол Улс бол ирээдүйн өсөлтийн зах зээл учир Засгийн газар, ХХААХҮЯ хөрөнгө оруулагч бүрийг урт хугацааны түнш хэмээн, бодлогын тогтвортой, ил тод орчин бүрдүүлэхэд хариуцлагатай тууштай ажиллана” гэдгээ тодотгожээ. 

УИХ Хөдөө аж ахуйн тухай хуулийг өнгөрсөн зургаадугаар сард баталж, сум бүрд “Түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн төв”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулан, үйл ажиллагааг нь хувийн хэвшил гэрээгээр гүйцэтгэхээр болсон билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн