Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хамтын ажиллагаагаа төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлнэ

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс цаашид хамтын ажиллагаагаа бодит ажил, төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлнэ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгаль орчны дэд сайд В.А.Галановтай уулзах үеэрээ энэ тухай ярилцаж санал нэгдсэн юм. Мөн хоёр улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Талууд ой, газрын тогтвортой менежмент, усны нөөцийн нэгдсэн менежмент чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд тохирсон асуудлын хэрэгжилтийг хангах, салбарын уулзалтыг тогтмолжуулах шаардлагатайг онцолсон юм.

Сайд Ц.Сандаг-Очир COP17-гийн хүрээнд дэвшүүлж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл, “Олон улсын бэлчээрийн өдөр” санаачилгыг танилцуулав.

Талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 2030 оноос хойших стратегийн чиглэлийг тодорхойлох бодлогын баримт бичгийг боловсруулах Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хүрээнд харилцан ойлголцолд хүрч, тодорхой шийдвэр гаргахаар тохиролцжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн