“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын гал асаах анхны ёслол болжээ

Шар тивийн спортын хамгийн том тэмцээн болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын гал асаах анхны ёслол Японы Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болж, Азийн наадмын бамбарын буухианы эхлэлийг тавилаа.

Ёслолын үеэр Японы гүйлтийн тамирчин Ёшихидэ Кирюү 1958 оны Токиогийн Азийн наадамд ашигласан бэлгэдлийн галаас бамбарыг асаасан байна. Тэгвэл хоёр дахь гал асаах ёслол өчигдөр Хирошимагийн Энхтайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд Хирошима хот нь 1994 оны Азийн наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Харин маргааш дээрх хоёр хотод асаасан галыг Нагояа шилтгээнд нэгтгэж, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын албан ёсны галыг асаах юм. Бамбарын буухианы анхны өртөөлөгч нь чөлөөт бөхийн нэрт тамирчин, Олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшида байх ажээ. Бамбар Айчи мужийн 40 хот, суурин болон Нагояа хотын дүүргүүдээр аялж, 1000  орчим бамбарчин оролцохоор төлөвлөсөн байна. Мөн сургуулиудыг хамарсан тусгай буухиаг ирэх сарын 7-ноос эхлэн найм хоногийн хугацаанд 14 сургуульд зохион байгуулна.

20 дахь удаагийн Азийн наадам “Imagine One Asia” уриан дор ирэх сарын 19-нд хөшгөө нээж, аравдугаар сарын 4-нд хаах юм. Энэхүү наадамд Азийн 45 орны 15 мянган тамирчин 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөхийг Азийн олимпын зөвлөл мэдээлжээ.

Харин манай улсаас спортын 30 орчим спортын төрлөөр 550 гаруй тамирчин оролцох урьдчилсан мэдээлэл байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн