Монголын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчилдаг “Нүүдэлчин” фестиваль энэ сарын 21-23-нд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болно.
Фестивалийг сонирхох үзэгчид энэ сарын 21-нд 07:00-21:30 цагт 25 минут тутамд, мөн 22, 23-нд 07:00-21:30 цагт 18 минут тутамд автобусаар үнэгүй зорчиж очих боломжтой.
Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээх зорилготой “Нүүдэлчин” фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, Жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Энэ удаагийн “Нүүдэлчин” фестиваль нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой агуулгад ач холбогдол өгч, монголчууд байгальтайгаа хэрхэн шүтэлцээтэй амьдардаг, эх дэлхийгээ хайрлаж, хамгаалж ирсэн уламжлалт ухаан, нүүдлийн соёлыг шингээхийг зорьжээ.

Фестивалийн зочид нь СОР17-д оролцож буй 167 орны төлөөлөгч бөгөөд тэд цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны сорилт, тэдгээрийг шийдэх, давж гарах арга замыг хэлэлцэж байна.