Мароккогийн цагдаа Испанийн Сеута дахь анклав руу нэвтрэхийг завдсан 100 гаруй хүнийг баривчилжээ. Тодруулбал өчигдөр /2026.08.15/ олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт голдуу Сахарын өмнөд Африкийн орнуудаас ирсэн хэдэн зуун хүн Сеутагийн зүг уулын замаар явж байгаа нь харагджээ.
Цагдаа нар хууль бус цагаачдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Мароккогийн Дотоод хэргийн яам дор хаяж 111 хүнийг баривчилжээ.
Харин Мароккогийн Le360 мэдээллийн хэрэгсэл 294 хүнийг баривчилсан бөгөөд тэдний 46 нь Мароккогийн иргэн байсан гэж мэдээлсэн байна.
Энэ нь долдугаар сарын сүүлээр 72 мянга орчим хүн Сеута руу нэвтрэхийг оролдсоны дараах шинэ оролдлого юм. Тухайн үед дор хаяж 96 хүн амиа алдсан байна.
Мароккогийн эрх баригчид Сеута руу чиглэсэн шинэ оролдлогыг таслан зогсоохын тулд нэмэлт хүч байршуулжээ. Мөн олон нийтийн сүлжээнд хүмүүсийг Сеута руу олноороо очихыг уриалсан худал мэдээлэл тархаж байгааг анхааруулсан байна.
Сеута нь Испанийн хойд Африк дахь өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр бөгөөд Марокко тус газрыг Испанийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрдөггүй.