Францын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл буурна

Европт энэ зун үргэлжилж буй хэт халалтын улмаас Францын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 15 орчим хувиар буурах төлөвтэй байна. Мөн зургаан цөмийн реакторыг бүрэн зогсоохоор болжээ.

Францын эрчим хүчний оператор “EDF”-ийн мэдээлснээр, хэт халалтын улмаас есөн реакторын ажиллагааг хязгаарлаж, нийт 9.4 гигаваттын эрчим хүчийг үйлдвэрлэх боломжгүй болох төлөвтэй байна.

Европын орнуудад үргэлжилсэн хэт халалтын улмаас усны хомсдол үүсэж, ой хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирсон тохиолдлууд бүртгэгдээд байна.

Халуун цаг агаарын зэрэгцээ цөмийн реакторуудын төлөвлөгөөт засвар үйлчилгээ, техникийн асуудал болон түлшний хэмнэлт зэрэг хүчин зүйлс Францын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлж байна.

Францын цахилгаан эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 70 хувийг цөмийн цахилгаан станцууд хангадаг. Үйлдвэрлэл буурснаар Их Британи, Герман зэрэг улс нүүрс, хий ашигладаг цахилгаан станцуудаа илүү ихээр ажиллуулах шаардлагатай болж байна.

Харин наймдугаар сард Францын амралтын улирал үргэлжилдэг тул цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурч, улмаар үнэ ч дагаад буурдаг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн