Конго: 30 минут тутамд 1 хүн эболагаар амиа алдаж байна

Конго улсад дэгдсэн эбола вирусийн улмаас 2325 хүн нас барж, түүхэн үзүүлэлтийг тогтоогоод байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас Ням гаригт /2026.08.16/ мэдээлснээр, нийт батлагдсан тохиолдлын тоо 4945 хүрчээ. Эндээс 101 шинэ тохиолдол нь сүүлийн 24 цагийн дотор батлагдсан байна.

НҮБ-аас анхааруулахдаа “Ардчилсан Конго улсад эбола ялалт байгуулаад байна. Тус вирусаар 30 минут тутамд нэг хүн амиа алдаж байна” гэжээ.

Конго улсын 26 мужаас зургаад нь эбола дэгдсэн бөгөөд эдгээрийн ихэнх нь нутгийн зүүн хойд хил дагуух мужууд байна. Анхны тохиолдол бүртгэгдсэн Итури мужид л гэхэд 3400 гаруй тохиолдол гарчээ. Одоогийн дэгдэлтийн цаана буй бундибугё (Bundibugyo) омгийн эбола вирусийн эсрэг батлагдсан вакцин болон эмчилгээ одоогоор байхгүй байна.

Баруун Африкт 2014-2016 онд эбола вирус дэгдэхэд 28616 тохиолдол бүртгэгдэж, 11310 хүн нас барж байв. Эдгээр тохиолдол нь Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад байсан аж.

Эбола вирус нь зэрлэг амьтдаас хүнд дамжиж, улмаар халдвар авсан хүмүүсийн цус, ялгадас, эрхтэн, биеийн бусад шингэнтэй шууд харьцах, мөн ор дэрний хэрэглэл, хувцас зэрэг бохирдсон гадаргуу, материалаар дамжин хүн амын дунд тархдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн