Инфантиног дэмжвэл Монголын хөлбөмбөгт 20 сая доллар ирнэ

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) шинэ санхүүгийн бүтцийнхээ хүрээнд гишүүн холбооддоо олгодог хөгжлийн сангийн хэмжээг эрс нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.

FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантиногийн мэдэгдсэнээр, шинээр байгуулагдах FIFA Forward Enterprise (FFE) байгууллагаар дамжуулан босгох хөрөнгийг дэлхийн хөлбөмбөгийн хөгжилд чиглүүлэх бөгөөд хамгийн том өөрчлөлт нь гишүүн холбоодын авах санхүүжилт нэмэгдэх явдал юм.

Одоогийн байдлаар FIFA-гийн Forward хөтөлбөрийн хүрээнд 211 гишүүн холбоо 2027-2030 оны мөчлөгт тус бүр 8 сая ам.долларын хөгжлийн сан авах эрхтэй байгаа. Харин шинэ төлөвлөгөө хэрэгжвэл энэ дүнг 20 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр санал болгожээ.

Үүгээр зогсохгүй дараагийн санхүүгийн мөчлөгт санхүүжилтийг 22 сая ам.доллар, түүнээс хойш 24 сая ам.доллар хүртэл өсгөх зорилт тавьсан байна.

Инфантино энэхүү санаачилгаа “Энэ бол дэлхийн хөлбөмбөгийг илүү хүртээмжтэй болгож, хөгжлийг нь хурдасгах алхам” хэмээн тодорхойлжээ.

ХӨРӨНГӨ ХААНААС БОСОХ ВЭ?

FIFA-ийн мэдээлснээр, шинээр байгуулагдах FIFA Forward Enterprise (FFE) нь ДАШТ зэрэг FIFA-гийн томоохон тэмцээний арилжааны үйл ажиллагааг удирдах бөгөөд энэ оны сүүлээр гаднын урт хугацааны хөрөнгө оруулагчдаас 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Тус байгууллагын анхны үнэлгээг 20 тэрбум ам.доллар байхаар тооцжээ.

Гэхдээ FIFA хөрөнгө оруулагчид зөвхөн цөөнхийн буюу хяналтын бус хувь эзэмших эрхтэй болохыг онцолсон байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид санхүүгийн өгөөж хүртэх боломжтой ч FIFA-гийн үйл ажиллагаанд хяналт тогтоох эрхгүй аж.

FIFA мэдэгдэлдээ шинэ бүтэц бий болсон ч байгууллагын үндсэн эрх мэдэл өөрчлөгдөхгүй гэдгийг онцолжээ. Тодруулбал, дэлхийн аварга зэрэг тэмцээнийг зохион байгуулах, тоглолтын хуваарь батлах, дүрэм журам боловсруулах, олон улсын хөлбөмбөгийн засаглалтай холбоотой бүх шийдвэрийг FIFA дангаар гаргасаар байх юм.

Мөн 211 гишүүн холбоо шинэ санхүүгийн боломжид сайн дурын үндсэн дээр оролцох эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй гэж FIFA мэдэгдсэн байна. Хэрэв Инфантиногийн төлөвлөгөөг дэмжвэл Монголын хөлбөмбөгийн холбоо 20 сая ам.долларын санхүүжилтийг дөрвөн жилийн цикльд хуваан хүртэнэ.

Шинэ санхүүгийн бүтэц нь хөгжиж буй орнуудын хөлбөмбөгийг илүү их хөрөнгөөр дэмжих зорилготой гэж FIFA тайлбарлаж байгаа ч энэхүү төлөвлөгөө нь UEFA болон Европын хэд хэдэн холбооны хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГ

Энэхүү өөрчлөлт хэрэгжвэл FIFA-гийн гишүүн холбоодын нэг болох Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) илүү их хөгжлийн санхүүжилт авах боломжтой болно.

Монголын хөлбөмбөгийн хувьд FIFA-гийн санхүүжилт нь олон жилийн турш лигүүд, шигшээ багийн бэлтгэл, хүүхэд залуучуудын хөтөлбөр, дасгалжуулагчийн сургалт, дэд бүтцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Шинэ нэмэгдсэн санхүүжилтийг зөв ашиглаж чадвал Монголд:

  • хүүхдийн болон өсвөрийн академийн тогтолцоог өргөжүүлэх;
  • орон нутагт хөлбөмбөгийн талбай, сургалтын төвүүд байгуулах;
  • үндэсний шигшээ багийн бэлтгэлийн нөхцөлийг сайжруулах;
  • дасгалжуулагч, шүүгчдийн хөгжлийг дэмжих;
  • футзал, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх

зэрэг олон чиглэлд хөрөнгө оруулах боломж нэмэгдэх юм.

Гэхдээ энэхүү санхүүжилт бодит үр дүн авчрах эсэх нь холбоодын хөрөнгийн зарцуулалт, ил тод байдал, урт хугацааны хөгжлийн бодлогоос хамаарна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн