ФИФА ба УЕФА-ийн тэмцэл: Хөлбөмбөг худалдагдах уу?

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоог “хөлбөмбөгийг худалдах эрхгүй” хэмээн буруутгаж, яаралтай хурал зарлалаа.

Европын хөлбөмбөгийн холбоо энэ долоо хоногт гишүүн 55 холбоогоо оролцуулсан яаралтай хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. ESPN-ийн мэдээлснээр, хурлаар ФИФА-гийн 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын шинэ төлөвлөгөөг эсэргүүцэх арга хэмжээг хэлэлцэх бөгөөд ирээдүйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бойкотлох хувилбар ч яригдаж магадгүй байгаа аж.

Маргааны гол шалтгаан нь ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантиноос танилцуулсан “FIFA Forward Enterprise (FFE)” төсөл юм. Энэхүү шинэ байгууллага нь ирээдүйн эрэгтэй, эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг ФИФА-гийн хамгийн үнэ цэнтэй арилжааны болон арга хэмжээний үйл ажиллагааг хариуцах бөгөөд гаднын урт хугацааны хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах замаар хөгжүүлэхээр төлөвлөжээ.

ФИФА-ийн мэдээлснээр, “FFE” нь 20 тэрбум ам.долларын үнэлгээтэй байхаар тооцож, энэ оны сүүлээр 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө босгох юм. Санхүүгийн зөвлөхөөр олон улсын J.P. Morgan ажиллаж байгаа бол боломжит хөрөнгө оруулагчдын дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерийн төрсөн дүү Жошуа Кушнерийн байгуулсан “Thrive Eternal” хөрөнгө оруулалтын сан багтаж байгаа талаар мэдээлжээ.

ФИФА ба УЕФА-ийн тэмцэл: Хөлбөмбөг худалдагдах уу?

“ХӨЛБӨМБӨГ БОЛ ФИФА-ИЙН ӨМЧ БИШ”

ФИФА-ийн энэхүү төлөвлөгөөг УЕФА эрс эсэргүүцэж байна. Холбоо мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ: “Хөлбөмбөг бол ФИФА-ийн худалдах өмч биш” хэмээн онцолсон юм.

Мөн “Хөлбөмбөгийн мөн чанар, засаглал бол арилжаалах хөрөнгө биш. Үүнээс хэн ашиг хүртэх нь ч тодорхойгүй байхад ийм шийдвэр гаргах нь хүлээн зөвшөөрөх аргагүй. Бидний хэн нь ч хөлбөмбөгийг өмчилдөггүй. ФИФА-д түүнийг худалдах эрх байхгүй” гэж мэдэгджээ.

ESPN-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, УЕФА-гийн удирдлагуудын дунд энэхүү төлөвлөгөөг хүчтэй эсэргүүцэж байгаа бөгөөд энэ долоо хоногт болох цахим хурлаар нэгдсэн байр сууриа тодорхойлох юм.

СҮРДҮҮЛЭГ

УЕФА өмнө нь ч ФИФА-гийн санаачилгыг зогсоож байсан удаатай. 2021 онд ФИФА дэлхийн аваргыг дөрвөн жил биш, хоёр жил тутам зохион байгуулах санал гаргаж байсан ч УЕФА болон Өмнөд Америкийн холбоодын ширүүн эсэргүүцэл, бойкотын анхааруулгын дараа уг төлөвлөгөөгөө цуцалсан юм.

Энэ удаад ч УЕФА ижил арга замаар ФИФА-д шахалт үзүүлж магадгүй гэж эх сурвалжууд үзэж байна. Хэрэв Европын холбоод дэлхийн аваргыг бойкотловол дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том институцийн хямрал үүсэх эрсдэлтэй.

ФИФА ба УЕФА-ийн тэмцэл: Хөлбөмбөг худалдагдах уу?

ФИФА: ГИШҮҮН ХОЛБООД ИЛҮҮ ИХ МӨНГӨ АВНА

Харин FIFA энэхүү төслийг дэлхийн хөлбөмбөгийг хөгжүүлэх шинэ боломж гэж тайлбарлаж байна.

Инфантино шинэ санаачилгаа “Энэ бол дэлхийн хөлбөмбөгийг илүү хүртээмжтэй болгож, хөгжлийг нь хурдасгах алхам” хэмээн тодорхойлжээ.

Түүнчлэн шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр ФИФА-гийн 211 гишүүн холбоонд олгодог хөгжлийн сангийн хэмжээг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Одоогийн мөчлөгт холбоо бүр 8 сая ам.долларын санхүүжилт авч байгаа бол цаашид энэ хэмжээг 20 сая, дараагийн мөчлөгүүдэд 22 болон 24 сая ам.доллар болгон өсгөхөөр санал болгожээ.

ФИФА мөн хөрөнгө оруулагчид зөвхөн санхүүгийн цөөнхийн хувь эзэмших бөгөөд тэмцээн зохион байгуулах эрх, дүрэм журам, тоглолтын хуваарь зэрэг бүх спортын шийдвэрийг ФИФА дангаар гаргасаар байх болно гэж мэдэгдсэн байна.

ХӨЛБӨМБӨГИЙН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ШИНЭ ТУЛААН

Энэ маргаан нь зөвхөн хөрөнгө босгох асуудал биш юм. УЕФА-гийн хувьд дэлхийн хөлбөмбөгийн хамгийн үнэ цэнтэй тэмцээнүүдийн арилжааны эрхийг гаднын хөрөнгө оруулагчидтай холбох нь ирээдүйд спортын бодлогод санхүүгийн ашиг сонирхол нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна.

Харин ФИФА өсөн нэмэгдэж буй орлогоо ашиглан жижиг холбоодыг илүү их санхүүжүүлж, дэлхийн хэмжээнд хөлбөмбөгийн хөгжлийг түргэсгэнэ гэсэн байр суурьтай байгаа юм.

Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нөлөө бүхий хоёр байгууллагын зөрчил дахин хурцдаж, энэ долоо хоногт болох УЕФА-гийн яаралтай хурлын шийдвэр олон улсын хөлбөмбөгийн ирээдүйд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн