“Формула-1”-ийн Бахрейны Гран-приг Малайз руу шилжүүлжээ

Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сард болох байсан “Формула-1” ангиллын авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2026 оны улирлын Бахрейн, Саудын Арабын Гран-Приг цуцалсны дараа Бахрейны Гран-приг 10 дугаар сарын 2-4-нд Малайзад зохион байгуулахаар болжээ. 

Уралдаан Малайзын “Сепанг” олон улсын зам дээр болох бөгөөд тус улсад 2017 оноос хойш “Формула-1”-ийн уралдааныг зохион байгуулаагүй юм.

“Формула-1”-ийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, “Сепанг” нь  дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд сорилттой замуудын нэг бөгөөд үзүүштэй өрсөлдөөн, цаг агаарын нөхцөл нь хойшлуулсан Гран-приг зохион байгуулахад хамгийн тохиромжтой гэж онцолжээ.

“Энэ бол манай хөгжөөн дэмжигчдийн хувьд гайхалтай мэдээ. Тэд “Формула-1”-ийн сонирхолтой, өрнүүн улирлыг үргэлжлүүлэн үзэхээс гадна, энэхүү спорт гайхамшигт Сепанг замд эргэн ирэхийг харна. Малайз бол гайхамшигтай сайхан улс бөгөөд Сепанг “Формула-1”-ийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг” хэмээн “Формула-1”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стефано Доменикали мэдэгдсэн байна. 

Малайзад “Формула-1”-ийн Гран-при хамгийн сүүлд 2017 онд болж байсан бөгөөд үүнээс хойш “MotoGP” мотоциклийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гарааг тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн Гран-при нь есдүгээр сарын 26-нд болох Азербайжаны Гран-при болон аравдугаар сарын 11-ний Сингапурын Гран-пригийн хооронд болно.  

Нэг улс өөр улсын нэрээр “Формула-1”-ийн уралдаануудыг зохион байгуулж байсан тохиолдлууд байдаг. Тухайлбал, Германы Нюрбургрингт Люксембургийн Гран-при, Италийн Имола хотод Сан-Мариногийн Гран-при, Францад Швейцарын Гран-при болж байжээ. 

Ойрх Дорнод дахь хурцадмал байдлын улмаас Бахрейн, Саудын Арабт дөрөвдүгээр сард явуулахаар товлоод байсан уралдаануудыг өнгөрсөн гуравдугаар сард цуцалсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн