Хөлбөмбөг дэлхийд хөгждөг ч Монголд хөгждөггүй гэх яриа бий. Энэ яриаг батлах шиг Монголын хөлбөмбөг ч сураг алдарсаар одоо нэр төдий л үлджээ.
Хөлбөмбөгийн дээд лигийн нэр хүндтэй, түүхтэй багууд эхнээсээ дампуурлаа зарлаж, нэг, хоёрдугаар лигийн үйл ажиллагаа ч доголдсон. Эмэгтэйчүүдийн лиг, футзал нь хаягдсан гэхэд хилсдэхгүй. Саяхан л өрөндөө барьж, өтөндөө идэгдсэн гэх тус холбооны шинэ ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар сонгогдсон билээ. Түүний хувьд хамгийн эхний нэн тэргүүний ажил нь холбооныхоо өрийг дарах байсан. Үүнийгээ ч хийсэн гэх.
Хөлбөмбөгийн холбооны Төв аймаг дахь битүү дээвэртэй “Аэродом” бэлтгэлийн бааз Голомт банкны барьцаанд орж, сүүлдээ амралтын газар шиг ажиллах болсон. “Байгууллага, хамт олны захиалга авна” гэх зар явж байлаа. Угтаа Монголд хөлбөмбөгийг аль ч улиралд тоглоход тохиромжтой байдлаар шийдэх гэж, хөлбөмбөгчдөд зориулж FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос санхүүжүүлсэн бүтээн байгуулалт билээ. Гэвч хөлбөмбөгчдөд бус холбооныхоо өрийг дарах хэрэгсэл болсон бололтой. Сүүлдээ Төв аймгийн Засаг даргын мэдэлд очиж, урсгал зардлаа төлүүлж байгаа гэх мэдээ гарав.

Нөгөө талд саяхан нэг асуудал дэгдсэн нь хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбар. Олон улсын холбоо хөлбөмбөгийн дэлхийн аваргаар гишүүн холбоодоо мартдаггүй. Инфантино ч гишүүн холбоодоо сайн бөөцийлж, санхүүжилт олгодог гэдгээрээ нэр хүндтэй. FIFA-ийн мөнгө бол та нарын мөнгө гэж ярих дуртай нэгэн. Тиймээс гишүүн холбооддоо ДАШТ-ий тасалбар тараадаг, хуваарилдаг. Мэдээж шигшээ багууд нь дэлхийн аваргад оролцож буй холбоодод илүү олон тооны, хүртээмжтэйг тараадаг. Монгол шиг орнуудад ихийг биш ч хангалттай тооны тасалбарыг хуваарилдаг. Энэ нь хэсгийн шатны тоглолтоос эхлээд финал хүртэлх бүх тоглолтын тасалбар байж болно.
2022 онд Монголын хөлбөмбөгийн холбоо тухайн үед дээд лигийг ивээн тэтгэж байсан “MonPay”-тай хамтран дэлхийн аваргын 50 тасалбарыг азтануудад тарааж байсан билээ. Шагналт уралдаанд л 50 тасалбар тарааж байсан гэж бодохоор нийт хичнээн тасалбар ирсэн бэ гэдэг анхаарал татна. Дээрх 50 тасалбараас гадна олны танил эрхмүүд, хэвлэл мэдээлэл болон хамтрагч байгууллагууддаа тасалбар бэлэглэсэн түүхтэй. Энэ жил л чимээгүй, олон нийтээс далдуур тараасан гэлтэй.

Монголын хөлбөмбөгийн холбооны өмнөх удирдлагууд нь гишүүн аймгийн холбооддоо, хамтран ажилладаг, ивээн тэтгэдэг байгууллагууддаа, хөлбөмбөгийн ахмад зүтгэлтэн, тамирчдад тасалбар өгсөн түүх байдаг. Тэгвэл энэ жил эдгээр тасалбарыг аяллын компанид зарсан байж болзошгүй байдал үүсчээ. Дэлхийн аварга үзэх аяллын компанийн багц авсан хүмүүст “MFF” буюу Монголын хөлбөмбөгийн холбоо гэсэн шошготой тасалбар очсон талаар хөлбөмбөг сонирхогчид ярьж байна. Мөн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дэмждэг хүмүүстээ хагас шигшээ, финал зэрэг тоглолтын тасалбарыг бэлэглэжээ.

Одоо нэг чухал зүйл болох нь FIFA-ийн санхүүжилт. Энэ дэлхийн аваргаар FIFA түүхэндээ байгаагүй өндөр ашигтай ажилласан. Тэд дэлхийн аваргад оролцсон бүх 48 улсын хөлбөмбөгийн холбоодод бараг 900 буюу 871 сая ам.доллар хуваарилна. Жишээ нь, Узбекистаны хөлбөмбөгийн холбоо л гэхэд тэмцээний бэлтгэлийн мөнгө гэж 2.5 сая ам.доллар, дэлхийн аваргад оролцсон гэж 10 сая ам.доллар, тасалбарын орлого, арын албаны зардал гэж 16 сая ам.долларыг хүртэнэ. Өөрөөр хэлбэл, нийт 18.5 сая ам.долларыг FIFA-аас авна.
Цэвэр ашгаас 48 улсдаа хуваарилж, үлдсэнийг гишүүн 211 улсынхаа хөлбөмбөгийн холбоодод тэнцүү хуваана гэж мэдэгдсэн. Ерөнхийдөө Монголын хөлбөмбөгийн холбоо ирэх дөрвөн жил ойролцоогоор нийт 8 сая ам.долларын санхүүжилт зөвхөн FIFA-аас хүртэх тооцоолол бий. Гэхдээ зүгээр өгчихгүй, зарим шалгуураар олгоно гэдгийг дурдах хэрэгтэй.
Дэлхийн аваргаас олох ашиг нэмэгдвэл үүнийгээ дагаад гишүүн холбоодын санхүүжилт ч нэмэгдэнэ гэсэн энгийн ойлголттой.

2027 онд FIFA-ийн ерөнхийлөгчийн сонгуультай. Одоогийн ерөнхийлөгч Инфантино ч саяны дэлхийн аваргаар шүүмжлэлд өртөж, хэл амны бай болсон. Түүнд итгэл алдарсан хөлбөмбөгийн холбоод цөөнгүй. Алдагдсан нэр хүндээ сэргээхийн тулд Инфантино ирэх 2030 оны ДАШТ-ийг 60 багтай болгох яриаг гаргасан. Үүнийгээ ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ашиглаж, санал цуглуулах гэж үзнэ. УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо Инфантиног эрс шүүмжилж эхэлсэн. АНУ-ын довтлогч Балогуны улаан хуудасны шийтгэлийг цуцалсанд Бельгийг өмөөрсөн УЕФА уурссан. Түүнийг “Трампад хөлбөмбөгийг зарчихлаа” гэж Европын өдөр тутмын сонин, телевизүүд бичсэн, ярьсан.
Тэгэхээр Европоос Инфантино хангалттай дэмжлэг авч чадахгүй байх талтай. Өмнө нь сонгогдохдоо ч нэгдүгээр шатанд 88, хоёрдугаар 207 саналын 115-ыг нь авч ойрхон ялалт байгуулсан. Тэгэхэд УЕФА болон КОНКАКАФ буюу Америк тивийнхэн түүнийг дэмжсэн.
Одоо түүний санал авах боломж нь Монгол шиг хөлбөмбөг төдийлөн сайн хөгжөөгүй, мөнгө хэрэгтэй улс орнууд. Эд нарыгаа Инфантино хэрхэн яаж “услах”-аа мэддэг хүн. Санхүүжилт, ДАШТ-ий тасалбар, хэдэн хиймэл зүлэг, бөмбөг гээд л саналыг нь авах ухаантай хүн. Хөлбөмбөг улам л түгэн дэлгэрч, улам л ашигтай болно. Дэлхийн аваргыг хоёр жил тутамд зохион байгуулах яриа гарч, мөнгө бодох болсон. Давтамжийг нь ихэсгэвэл орлого, ашиг нь ойр, ойрхон хурдан өснө гэж битүүхэн бодож байгаа. Инфантино эцэст нь Америкийн зах зээл рүү орж, Трамптай нөхөрлөсөн. Одоо Хятад, Энэтхэг түүнд сонирхолтой санагдаж буй.
Дашрамд дурдахад, Монгол Улс түүнийг “Найрамдал” медалиар шагнасан билээ.
Та бүхэн түүний талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу.
Ямартай ч Монголын хөлбөмбөгийн холбоог тойрсон хэл, ам, шуугиан үргэлжилж байна.
