Унгарын ерөнхий сайд Виктор Орбан улс эх оронд нь тулгарч буй хамгийн том аюул бол Орос биш, харин Европын холбоо гэж мэдэгджээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 12-нд болох үндэсний сонгуулийн өмнө буюу Бямба гаригт (2026.02.14) дэмжигчдэдээ хандан дээрх мэдэгдлийг хийсэн аж. Тус улсын ээлжит сонгууль болоход ердөө найман долоо хоног үлдээд байгаа бөгөөд Орбан болон түүний нам “Fidesz” сүүлийн жилүүдэд тулгарч байгаагүй том сорилттой нүүр тулжээ. Тухайлбал, хараат бус санал асуулгаар “Fidesz” нам нь төв-барууны “Tisza” нам болон тус намын удирдагч Петер Мадьярт хожигдож байна. Улмаар энэ удаагийн сонгууль Орбаныг 2010 онд дахин эрх мэдэлд гарснаас хойших хамгийн хүнд сонгууль болж магадгүй байна.
Орбан дэмжигчдэдээ хандсан илтгэлийнхээ үеэр Европын холбоог өнгөрсөн зуунд Унгарыг 40 гаруй жил захирч байсан Зөвлөлтийн дэглэмтэй зүйрлэсэн.
Мөн холбооны олон удирдагч Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг Европын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үздэгийг тэрбээр няцаажээ. Орбан хэлэхдээ, “Эрх чөлөөнд хайртай хүмүүс Дорнодоос биш, Брюсселиэс айх ёстой” гэж хэлсэн байв. Брюссель нь Европын холбооны төв гэж тооцогддог. Тэрбээр мөн Путины талаар айдас төрүүлэх яриаг хэтрүүлэг гэж үздэг тухайгаа онцолж, эсрэгээрээ Европын холбоог бодит аюул гэж тодорхойлсон байна. Орос 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Орбан Киевт цэргийн болон санхүүгийн тусламж үзүүлэхийг эсэргүүцсээр ирсэн. Тэрбээр Москватай ойр харилцаагаа хадгалж, Европын холбоо болон НАТО-гийн түншүүдээ “дайныг өдөөж байна” хэмээн шүүмжилдэг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тэрбээр мөн 2022 оны хоёрдугаар сард Оросын олон мянган цэрэг Украины хил давсан үйл явдлын тухай ярихдаа “Хэн нь түрүүлж довтолсон нь тодорхойгүй” гэж мэдэгдсэн юм.
Унгарын засгийн газар Европын холбоотой удаан хугацаанд зөрчилдөөнтэй байсаар ирсэн. Европын холбоо ардчиллын тогтолцоо сулруулсан, шүүхийн хараат бус байдлыг доройтуулсан, авлига газар авсан гэх шалтгаанаар Унгарт олгох тэрбум еврогийн санхүүжилтийг царцаасан. Үүний хариуд Орбан Европын холбооны чухал шийдвэрүүдийг, тухайлбал Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хориглох тухайгаа байнга анхааруулж ирсэн юм. Сонгууль ойртох тусам Орбан “Tisza” намыг Европын холбооны “гар хөл” болж, өөрийг нь засгийн эрхээс зайлуулахыг оролдож байна гэж буруутгаж байгаа. Харин тус нам энэ мэдэгдлийг эрс няцаажээ.
Петер Мадьяр Унгарын барууны холбоотнуудтай харилцааг сайжруулах, зогсонги байдалд орсон эдийн засгийг сэргээх, улсыг илүү ардчилсан замд эргүүлэн оруулах амлалт өгөөд байна.
Орбан мөн Украин дахь дайнаас олон улсын томоохон компаниуд, тухайлбал банк болон эрчим хүчний компаниуд ашиг олж байна гэж мэдэгджээ. Тиймээс улс төрийн өрсөлдөгчтэй нь эвсэж, өөрийг нь санаатайгаар сонгуульд ялуулахгүй байх оролдлого хийж байна гэж Орбан буруутгасан байна. Тэрбээр гадаадын газрын тосны компаниуд, банкны салбар болон Брюсселийн удирдлагууд Унгарт шинэ засгийн газар байгуулахаар бэлтгэж байна гэж үзэж байна. Улмаар энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол сөрөг хүчин нь Европын холбооны шаардлагад хэзээ ч “үгүй” гэж хэлэхгүй байх аюултай гэж анхааруулсан байна.
Хэрэв түүний нам “Fidesz” сонгуульд дахин ялж, тав дахь удаагаа олонх болбол Орбан Унгарын тусгаар тогтнолд халддаг гэж үздэг байгууллага, нөлөөллүүдийг зайлуулах ажлаа үргэлжлүүлнэ гэж амлаж байна.
Тэрбээр мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг магтаж, түүнийг сонгуулийн өмнө дэмжсэнд талархал илэрхийлжээ. Орбаны хэлснээр Трамп “хуурамч” төрийн бус байгууллага, мөн гаднын санхүүжилттэй сэтгүүлч, шүүгч, улс төрчдийг шахан гаргах боломжийг бүрдүүлсэн байна. Тэрбээр Трампыг либерал чиглэлийн дэлхийн бизнес, хэвлэл мэдээлэл, улс төрийн сүлжээний эсрэг тэмцсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Унгарт гадаад нөлөөг багасгах боломжийг нэмэгдүүлнэ гэж хэлж байна. Мөн “Брюсселийн дарамтын машин” Унгарт одоо ч ажиллаж байгаа ч дөрөвдүгээр сарын сонгуулийн дараа түүнийг цэвэрлэнэ гэж Орбан мэдэгджээ.