Лукашенко: Хятадад ирэх нь гэртээ ирэхтэй л адил байлаа

Беларусийн удирдагч Александр Лукашенко сүүлийн өдрүүдэд Орос, Хятадад айлчилж, Путин, Ши Жиньпин нартай уулзлаа. Тэрбээр Ши Жиньпинтэй уулзахдаа “Хятадад ирэх нь гэртээ ирэхтэй л адил байлаа” гэжээ. Харин Ши Жиньпин “Хятад улс Беларусийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ. Манай хоёр улс стратегийн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, хоёр талын харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх ёстой” гэсэн байна.

Харин Лукашенко, Путин нар Оросын ерөнхийлөгчийн Валдай дахь харшид уулзаж, хоёр өдрийн турш яриа хэлэлцээ хийжээ. Энэ уулзалтын дараа Путин мэдэгдэл хийхдээ “Лукашенког Украиныхны яриад байгаа хөндлөнгийн оролцоо зэрэг зүйл сандаргаж чадахгүй” гэсэн юм. Мөн Орос, Украины энхийн хэлэлцээ эхлэх цагт Беларусь зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа хэлжээ.

ОХУ Украин дахь дайндаа Беларусийг татан оролцуулах хүсэлтэй байгаа гэлцдэг. Лукашенко ч Украин руу довтлохдоо Беларусийн нутаг дэвсгэрийг ашиглах зөвшөөрлийг Орост анх өгсөн гэдэг.

Тэгвэл Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн долоо хоногт Лукашенкод шаардлага тавьж, Беларусийн нутаг дэвсгэр дэх дохио дамжуулагчуудаа унтраахыг хүсчээ. Эдгээр дохио дамжуулагчаар Оросын арми дронуудаа чиглүүлдэг гэж үзэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн