ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй холбоотой гэгдээд буй тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц зургадугаар сарын 29-ний өдөр Оросын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоцны хамгаалалт дор Данийн усан замаар аялжээ. Тодруулбал, 82 метр урттай “Graceful” хөлөг онгоц Их Бельтийн хоолойг гатлан, Данийн Анхолт арал хүрээд, тэндээсээ Ютландын хойгийн хойд үзүүр Грененийг чиглэн явсан байна. Дарвуулт завины эцсийн очих цэг хараахан тодорхой болоогүй байна.
“Graceful”-ыг дагалдан явсан хоёр хөлөг онгоцны нэг нь Оросын сөнөөгч хөлөг онгоц бол нөгөөх нь эргүүлийн хөлөг онгоц байжээ. Уг цувааг Данийн тэнгисийн цэргийн “P521 Freja” эргүүлийн хөлөг алсаас дагалдан ажигласан байна. Оросын онгоцуудыг Данийн усан хилээр нэвтрэхээс өмнө Германы эргийн харуулууд мөрдөж байжээ.
“Graceful”-ын автомат таних системийг аль 2022 оны наймдугаар сарын 30-наас хойш унтраасан. Иймд хөлөг онгоцыг цахим байдлаар мөрдөхөд төвөгтэй байгаа юм. Гэсэн хэдий ч уг дарвуулт хөлөг Санкт-Петербург болон Балтын тэнгисийн бусад хэсэгт үе үе гарч иржээ.
“Forbes” зэрэг олон улсан хэвлэлд “Graceful”-ыг Путинтэй холбон тайлбарладаг. Гэхдээ Кремль хэзээ ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаагүй. “Forbes” уг дарвуулт онгоцны үнийг 100 сая евро гэж тооцоолсон байдаг.