Эрхүү: Бензиний үнийг хөөрөгдсөн хувь хүмүүсийг торгожээ

ОХУ-ын Эрхүү мужийн захирагч шатахууны хомсдолоос үүдэлтэй үнийн хөөрөгдөлтэй тэмцэх тушаал саяхан гаргасан. Тэгвэл тус мужид уг тушаалыг зөрчин хөөрөгдсөн үнээр бензин зарсан дөрвөн хүнийг торгожээ. Эдгээр дөрвөн хүний нэг нь шатахуун түгээх станцын ойролцоо бензин зарж байгаад баригдсан бол бусад гурав нь цахим орчинд бензинээ зарж байжээ. Тэд литрийг нь 250 рублиэр зарж байжээ.

ОХУ даяар бензиний дундаж үнэ оны эхэн үеэс хойш 9.8 хувиар өссөн бөгөөд зургадугаар сарын 22-ны байдлаар дундаж үнэ нь литр тутамд 71.20 рубль хүрсэн байна. Статистик мэдээлэл харвал, Эрхүүд бензиний дундаж үнэ литр тутамд 71 рублиэс арай бага байв.

Улмаар Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев зургадугаар сарын 28-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Энэ хүрээнд жолооч нар шатахуун түгээх станцаас бензин авахдаа шууд банкаа дүүргэх бус саванд нөөцөлж авбал өндөр торгууль төлж магадгүй болсон.

Зуны аялал жуулчлалын оргил үе болон хөдөө аж ахуйн улирал ирсэн эгзэгтэй цагт Оросын бүс нутгуудад шатахууны хязгаарлалтын арга хэмжээг авч эхлээд буй. Украины арми Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон дотоодын хангамжийн шугамуудыг онилон удаа дараалан цохилт өгсөн тул улс орон нь тодорхой хэмжээний хомсдолтой тулгараад буйг Путин өнгөрсөн амралтын өдрүүдэд хүлээн зөвшөөрсөн билээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн