Ховор үлэг гүрвэлийн чулуужсан олдвор илрүүлжээ

Эрдэмтэд музейн шургуулгад бараг 40 жилийн турш мартагдсан ховор үлэг гүрвэлийн олдворыг тогтоожээ. Энэ нь урт хүзүүтэй, ургамал иддэг үлэг гүрвэлийн сүүлний яс юм. Судлаачид үүнийг яг ямар төрөл зүйлд хамааруулж болохыг хараахан тогтоогоогүй байгаа ч Титанозаврын яс байх өндөр магадлалтай гэв.

Энэхүү ясыг 1985 онд Антарктидын Жеймс Росс арал дээр геологич Майк Томсон судалгааны экспедицийн үеэр олжээ. Тухайн үед Томсон үүнийг том мөлхөгч амьтдынх гэж үзэж, бусад олдворуудтай хамт хадгалж байв.

Эл үеэс хойш олон жилийн дараа палеонтологич Марк Эванс Британийн Антарктидын судалгааны газрын цуглуулгаас уг ясыг анзаарчээ. Тэрбээр бусад эрдэмтдийн хамт олдворын хэлбэрийг судалж, мэдэгдэж буй үлэг гүрвэлийн олдворуудтай харьцуулсан. Улмаар үлэг гүрвэлийн яс болохыг баталсан. Тэдний судалгааг “Acta Palaeontologica Polonica” сэтгүүлд нийтэлжээ.

Өнөөдөр Антарктид мөсөөр хучигдсан тул үлэг гүрвэлийн олдвор маш ховор байдаг. Гэсэн хэдий ч сая сая жилийн өмнө тус тив дулаан цаг агаартай байсан бөгөөд үлэг гүрвэлүүд амьдардаг ногоон ой модтой байсан гэж үздэг.

Эрдэмтэд уг үлэг гүрвэлийг ойролцоогоор 7 метр урттай гэж үзсэн бөгөөд энэ нь бусад үлэг гүрвэлийн бүлгийн хувьд жижиг хэмжээ юм. Эрдэмтдийн хэлснээр, уг үлэг гүрвэл бага балчир байхдаа үхсэн гэж таамагласан. Дараа нь бие нь далайд хөвсөөр ёроолд тунаж, тэндээ чулуужсан үлдэгдэл болсон байх магадлалтай.

Орчин үеийн технологи нь судлаачдад уг чулуужсан үлдэгдлийг 1985 онд боломжтой байснаас хамаагүй илүү нарийвчлан судлахад тусалсан.

Майк Томсон уг чулуужсан олдворыг үлэг гүрвэл болохыг тогтоохоос өмнө 2020 онд нас баржээ. Түүний хамт ажиллагсад түүнийг юу нээснээ мэдэхэд баяртай байх байсан гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн