Нетаньяхугийн хэтийдсэн хүсэл

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Лхагва гаригт /2026.02.11/ Цагаан ордонд айлчилж, Трамптай уулзсан боловч тэдний яриа хэлэлцээнээс тодорхой үр дүн, шийдэл гарсангүй. Гэхдээ АНУ, Ираны хэлэлцээ цаашид үргэлжлэнэ гэдгийг Нетаньяху хэлэв. Харин Трамп уулзалтыг дүгнэхдээ “Маш үр дүнтэй уулзалт боллоо. Манай хоёр улсын гайхалтай харилцаа үргэлжилсээр байна. Гэхдээ ямар нэг шийдэлд хүрсэнгүй. Гагцхүү Ирантай хийх хэлэлцээг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурийг л миний зүгээс баримталж байна” гэсэн юм.

Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Нетаньяху зургаа дахь удаагаа АНУ-д айлчилж байна. Тэд 2025 оны нэгдүгээр сараас хойш нийт долоо удаа уулзсан бөгөөд нэг удаагийн уулзалт нь Израильд байв.

Нетаньяхугийн айлчлалаас хэдхэн хоногийн өмнө АНУ болон Ираны албан тушаалтнууд Ойрхи Дорнодын бүс нутагт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэн Оман улсад шууд бус хэлэлцээ хийсэн. Арабын удирдагчдын хувьд хурцадмал байдлыг намжаахыг дэмжсэн байр суурьтай байгаа боловч Израиль улс Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах уриалгыг удаа дараа хүргүүлж буй.

ХААЛТТАЙ ХААЛГАНЫ ЦААНА

Нетаньяхугийн энэ удаагийн айлчлал хаалттай хаалганы цаана өрнөв. Уулзалтын дараа Трамп “Truth Social” хаягаараа жиргэхдээ Ирантай гэрээ байгуулж чадна гэсэн найдвар байгаагаа илэрхийлжээ. Ирантай гэрээ байгуулах хувилбарыг л илүүд үзнэ гэдгээ тэр Нетаньяхуд ойлгуулсан бөгөөд “Хэрвээ тийм боломж гарахгүй бол юу болохыг харцгааж л байя” гэжээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард Иран, Израилийн хооронд 12 хоногийн хугацаатай дайн дэгдэхэд Трамп Израилийн талд байлаа. АНУ энэ үед Ираны гурван цөмийн байгууламжид цохилт өгч, хурцадмал байдал туйлдаа хүрч байв.

Тэгвэл Трамп Лхагва гаригийн жиргээндээ зургадугаар сард Иранд өгсөн цохилтоо дурдаад, цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй тул ийм халдлага болсон гэж онцолсон байна. Үүнийг Ираны эсрэг шинэ заналхийлэл гэж шинжээчид үзжээ. Трамп жиргэхдээ “Өнгөрсөн удаа Иран хэлэлцээ хийхгүй байхыг сонгосон. Тэгээд Шөнө дундын алх ажиллагааны бай болсон. Энэ нь тэдэнд сайнаар нөлөөлөөгүй. Тиймээс энэ удаад илүү ухаалаг, хариуцлагатай байна гэж найдъя” гэжээ.

Үүний зэрэгцээ Нетаньяхугийн ажлын албанаас цөөн хэдэн мэдээлэл өгсөн. Албаны мэдэгдэлд дурдсанаар, Трамп, Нетаньяху нар Израилийн аюулгүй байдлын хэрэгцээг хэлэлцэж, цаашид үргэлжлүүлэн нягт харилцаатай, уялдаа холбоотой байхаар тохирсон аж. Мөн Газа болон бүс нутгийн хөгжлийг ч тэд хэлэлцжээ.

ИРАН ХЭТ ИХ ШААРДЛАГА ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

Оманы хэлэлцээнд АНУ-ын талаас Стив Виткофф, Жаред Кушнер, Ираны талаас Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар оролцсон. АНУ бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлсний дараа энэ уулзалт болсноороо онцлог байлаа. Ираны засгийн газрын эсрэг жагсаалд Трамп анхаарал хандуулж, жагсагчдыг хөнөөсөн тохиолдолд Иранд цохилт өгнө гэж амлаад байсан юм. Харин Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ-ын аливаа дайралтын хариуд бүс нутгийн дайн гарах болно гэж анхааруулжээ.

Ойрхи Дорнодын бусад улс цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийж, дипломат шийдлийг уриалж байна.

АНУ-ын хэвлэлд мэдээлж буйгаар, Трампын засаг захиргаа Ирантай хийх хэлэлцээртээ үндсэн гурван шаардлагыг тавьж байгаа аж.

  • Ираны цөмийн хөтөлбөрийг зогоох
  • Баллистик хөтөлбөрийг нь хязгаарлах
  • Бүс нутгийн сүлжээ бүлгүүдийг дэмжихээ зогсоох (Хамас, Хезболла гэх мэт)

Ираны албан тушаалтнууд цөмийн шинэ хэлэлцээрт нээлттэй гэдгээ илэрхийлсэн ч баллистик пуужингийн чадавхийн талаар хэлэлцэх боломжгүй гэжээ. Хаменеигийн зөвлөх Али Шамхани Лхагва гаригт төрийн хэвлэлээр ийм мэдэгдэл хийсэн аж. Ерөнхийлөгч Масуд Пезешкян ч бас ижил төрлийн мэдэгдэл хийсэн бөгөөд “Бид цөмийн хөтөлбөрийнхөө энх тайванч шинж чанарыг нотлоход бэлэн. Гэхдээ хэт их шаардлагын өмнө бууж өгөхгүй” гэжээ.

АНУ-д төвтэй “Stimson Center” судалгааны төвийн гишүүн Барбара Славины хэлснээр Нетаньяху Цагаан ордонд хэтийдсэн хүсэл тээсээр иржээ. “Нетаньяху Ираныг Израилийн мөнхийн аюул заналхийлэл гэж үздэг. Тиймээс ямар ч хамаагүй аргаар тэднийг сулруулахыг хүсч байна. Тэр дэглэмийн өөрчлөлтийг харахыг хүсч байгаа. Ингэж чадахгүй юм аа гэхэд Ираныг цөмийн хөтөлбөргүй, Израильд цохилт өгөх пуужингүй байлгахыг хүсч байгаа. Дональд Трамп Оманы хэлэлцээний дараа нэлээн өөдрөг юм ярьсан учир Нетаньяху илэрхий санаа зовж байсан” гэж Барбара Славин хэлжээ.

Дашрамд дурдахад, Израилийн сонгууль хугацаанаасаа өмнө болох төлөвтэй байгаа аж. Тиймээс Нетаньяху Трампыг илүү хатуу байр суурь баримтлахыг шахамдуулж магадгүй гэж үзэж байна. Ираны засгийн газрыг огцруулж чадвал Нетаньяху хаадын хаан болох нь баараггүй юм.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн