НАТО Хойд мөсөн далай, хүрээлэх бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэхээ мэдэгдэв. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Данийн өөртөө засах нутаг дэвсгэр болох Гренландыг АНУ-д нэгтгэх талаар маргалдаан дэгдээсэнтэй холбоотой юм.
НАТО Лхагва гаригт (2026.02.11) албан ёсны мэдэгдэл гаргаж, “Arctic Sentry” хэмээх олон салбарын шинэ санаачилгыг эхлүүлж байгаагаа зарлав.
Энэхүү санаачилга нь гишүүн орнуудын Хойд мөсөн далайн бүс нутагт ажиллагаа явуулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Дани, Норвегийн явуулах сургуулилалтыг багтаасан байна.
Трамп Арктикт аюулгүй байдлын асуудал үүсэж буйг дурдан, Орос болон Хятадын цэргийн хөлөг онгоцнууд “хаа сайгүй” байна хэмээн мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзаж, Арктикийг бүхэлд нь хамарсан хэлэлцээний талаар ярилцсан юм.
Рютте НАТО-ын мэдэгдлийн талаар хэлэхдээ, “Оросын цэргийн идэвхжил нэмэгдэж, Хятад улс Хойд бүс нутагт сонирхлоо тэлж буй энэ үед бид илүү ихийг хийх нь чухал байсан” гэжээ. НАТО Арктикийн аюулгүй байдалд идэвхтэй оролцохоор болж буй нь Трампын Орос, Хятадын талаарх анхааруулгыг намжааж магадгүй юм.