Украин ирэх тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль явуулж, энхийн хэлэлцээний талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байна гэж “Financial Times” мэдээлжээ. Зеленский сонгуулийн товыг энэ сарын 24-нд зарлаж магадгүй гэх боловч Украины ерөнхийлөгч үүнийг үгүйсгэжээ. Зеленскийн ажлын албанаас мэдэгдэл хийхдээ “Аюулгүй байдал тогтоогүй цагт юу ч зарлахгүй” гэсэн байна.
Дэлхий нийтийн мэдэж байгаачлан хоёрдугаар сарын 24 бол дайны дөрвөн жилийн ойн өдөр.
Трампын засаг захиргаа Украины тавдугаар сарын 15 гэхэд сонгуулиа явуулахгүй бол АНУ-аас аюулгүй байдлын баталгаа авах боломжоо алдана гэж шахамдуулж байна. Мөн энэ хавартаа багтаад энхийн хэлэлцээг эцэслэ гэж шавдуулж байна. Зеленский өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ мэдээлэл өгөхдөө “АНУ зургадугаар сар гэхэд дайныг зогсоох бүх баримт бичигт гарын үсэг зурсан байхыг шахаж байгаа” гэжээ.
Украины нутаг дэвсгэрийн 20 хувь нь Оросын хяналтад, олон мянган цэрэг нь фронтын шугамд, сая сая иргэн нь өөр улсад байгаа ийм нөхцөлд сонгууль явуулах боломжгүй гэж Зеленский маргасаар ирсэн билээ. “Гэхдээ Украин сонгуульд бэлэн. Гагцхүү гал зогсоох л шаардлагатай” гэж Зеленский саяхан давтан мэдэгджээ.
Хэрвээ тавдугаар сард сонгууль явуулахаар бол Украины парламент түүнээс наана дайны цагт сонгууль явуулах боломжтой болгож хуулиа өөрчлөх ёстой.