Португал улсад аадар борооны улмаас үерийн далан сэтэрч, тус улсын гол хурдны зам усанд автсан байна. Улмаар хэдэн долоо хоног үргэлжилж буй аадар борооны гамшгаас сэрэмжилж, эрх баригчид хойд бүс нутгийн 3000 орчим оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.
Португалын Лиссабон болон Порту хотуудыг холбодог A1 хурдны замын тулгуур баганын нэгийн хажуудах Мондегу голын далангийн хэсэг сэтэрч, замд ан цав үүссэн байна. Уг замыг цагдаа нар өмнө нь хаасан байсан гэж Коимбра хотын дарга Ана Абруньоса мэдэгдлээ. Тэрбээр мөн “Коимбра болон ойролцоох сууринууд үерийн улмаас маш хүнд нөхцөл үүсээд байгаа бөгөөд зарим суурин үерт боогдоод байна” гэв. Эрх баригчид үерийн усыг тогтоон барих хүчин чадлынхаа хязгаарт тулаад байна гэж тус улсын ерөнхий сайд Луис Монтенегро өмнө нь мэдэгджээ. Өнгөрсөн сарын сүүлчээс хойш тус улсын төв болон өмнөд хэсгийг хүчтэй шуурганууд дайран өнгөрсний дараа олон зуун мянган хүн гэрэл цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар байгалийн гамшгийн улмаас 15 хүн амиа алджээ.
Үүнээс гадна хоёр долоо хоногийн өмнө болсон Кристин шуурганы үеэр эрх баригчдын авсан арга хэмжээ удаан, үр дүнгүй байсан гэх шүүмжлэлийн улмаас дотоод хэргийн сайд Мариа Лусия Амарал огцорсон. Ерөнхий сайд Л.Монтенегро Коимбрад биечлэн очиж, онцгой байдлын ажиллагааг удирдсан байна.