Гренландчууд арал дээр нөлөөгөө тэлэх гэсэн Дональд Трампын эрмэлзлийг эсэргүүцэж Баасан гаригт /2026.05.22/ Нуук хот дахь АНУ-ын консулын газрын гадаа жагсав. Энэхүү жагсаал нь АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Жефф Ландригийн айлчлалтай холбоотой. Трамп арлыг авна гэж заналхийлэх болсон энэ үед Гренландад АНУ-ын консулын газар шинээр байгуулагдаж, тусгай элч Жефф Ландри хүртэл айлчилсан нь энэ юм.
Хэдэн зуун жагсагч Нуук хотын төвөөр “Гренланд бол гренландчуудынх” гэж хашгирч явсаар, консулын газрын гадаа ирсэн байна. Улмаар консулын газрын гадаа ирмэгцээ барилга руу нуруугаа харуулан буруу харж чимээгүй зогсох байдлаар эсэргүүцлээ илэрхийлжээ.
Жагсаалыг зохион байгуулсан иргэн хэлэхдээ “Манай засгийн газар Гренландыг худалдахгүй гэдгээ Трамп болон түүний засаг захиргаанд хэдийнэ хэлсэн” гэжээ.
Түүнчлэн “Ардчилсан ертөнцөд үгүй гэдэг үг үгүй л гэсэн утгатай гэдгийг америкчууд болон бүх дэлхийд бид дуулгамаар байна”, “Энэ бүхэн зөв биш гэдгийг харуулах нь маш чухал”, “Бид АНУ-аас айх болсон. Хүмүүс өнгөрсөн удаагийн явдлаас арай хийн тайвширч байтал бүх зүйл дахин эхэлчихлээ”, “Ер нь АНУ яахаараа Гренландад консулын газраа байгуулах хэрэгтэй юм?” гэх зэргээр жагсагчид сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Дашрамд дурдахад, Трампын ойрын холбоотон, Луизиана мужийн захирагч Ландри албан ёсны урилга заллагагүйгээр Гренландад айлчилсан нь ихээхэн маргаан дагуулсан юм. Тэрбээр Лхагва гаригт айлчлалаа өндөрлөж, Пүрэв гаригт Трамптай уулзсан байна.
Нуук хотод байгуулагдсан шинэ консулын газар 3000 метр квадрат талбайтай. Хотын төвд хамгийн алдартай байршилд сүндэрлэсэн консулын газрыг гренландчууд “Трампын цамхаг” гэж егөөдөн нэрлэсэн аж.