ХҮМҮҮС
“NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа NBA-ийн аварга Жэйлен Брансонг онцолж байна. Түүний хувьд бүхий л замналынхаа туршид дутуу үнэлэгдэж, үл тоогдож байсан ч эцэст нь Нью Йорк Никсийг 53 жилийн дараах аваргын цомд нь хөтөлсөн билээ. Ингээд түүнтэй танилцъя.
КОБИ БРАЙАНТТАЙ ХОЛБОГДСОН НЬ
Жэйлен Брансон 1996 онд Нью Жерсид тамирчин гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг нь өдгөө Никст туслах дасгалжуулагчаар ажиллаж буй Рик Брансон бол ээж нь их сургуульдаа волейбол тоглодог байсан Сандра Брансон.
Сонирхолтой нь Сандра Брансоны их сургуулийн өрөөний хамтрагч нь домогт Коби Брайантын эгч Шариа Брайант аж. Тиймээс Брансон хүүхэд ахуй насандаа Кобитой уулзаж байжээ.

Жэйлены аав Рик NBA-д есөн улирлыг өнгөрүүлсэн шаггүй сагсчин. Тэр дундаа Никст тоглож, хүүгээ үргэлж дагуулж явдаг байв. Багаасаа NBA-ийн талбай, хувцас солих өрөө, бэлтгэлийн баазтай ойрхон өссөн Жэйлены мөрөөдөл нь аав шигээ болох. Рик ч хүүгээ багаас нь бэлдсэн.
Рик зодог тайлсныхаа дараа Виржиниагийн их сургуулийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан захирал болж, Жэйлен ч өсвөр насандаа тус их сургуулийн эмэгтэйчүүдийн багтай бэлтгэл хийдэг байлаа. Мөн аавынхаа ачаар Деррик Рөүз, Жоаким Ноа нарын бөмбөгийг зөөж байсан гэдэг.

АМАРЧ ҮЗЭЭГҮЙ ӨСВӨР НАС
Нью Жерсид төрж, өссөн Жэйлен Брансон ахлах сургуулиа Иллинойсд төгсчээ. Түүний аав Рик хүүгээ лигийн тамирчин болгохын тулд багаас нь нарийн бэлтгэлийн хуваарийн дагуу, өндөр шаардлага тавьдаг байв. Стивенсоны ахлах сургуулийн од Жэйлен бэлтгэл гэдгийг зүйлийг яс, махандаа шингэтэл хийсэн аж.
Тэрбээр ярихдаа “Өсвөр насны хамгийн хэцүү үе гэвэл ахлах сургуулийн тоглолтдоо хожсон байсан ч аав дуудаад өмсгөлөө битгий тайлаарай гэдэг. Бид хоёр тоглолтоос гараад шууд заал руу явдаг байсан. Бид тоглолт дууссаны дараа зааланд удаан хугацааг өнгөрүүлдэг байлаа. Тэр надад хэзээ ч хэн нэгэн надаас булааж авахгүй зүйлсийг заасан. Тоглолт бүрт сүүлийнх юм шиг тоглохыг заасан. Энэ л хэцүү байсан. Гэхдээ намайг илүү сайн тамирчин, сайн хувь хүн болгосон” гэв.

Жэйлены шүтээн нь түүний аав Рик Брансон. Багаасаа аавыгаа NBA-д “амьд үлдэх”-ийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байгааг харсан тэрбээр түүн шиг л болохыг хүссэн аж. Баталгаатай, урт хугацааны гэрээгүй Рик NBA-д үлдэхийн төлөө бүхнийг хийж байлаа. Харин ээж Сандра нь гэр бүлийнхээ ажлыг алдагдуулахгүй, нөхрөө зөвхөн сагсан бөмбөгт анхаараасай гэж хүсдэг байжээ.
ДРАФТЫН АНГИЙНХАА СОР
Ахлах сургуульдаа үеийнхээ сагсчдыг хожиж, нэрд гарсан Брансон драфтын ангийнхаа хамгийн шилдэг холбон тоглогч байв. 2015 оны драфтын ангийн шилдэг 25 тоглогчийн дотор ганцхан холбон тоглогч байсан нь тэр. Түүнийг аналистууд үеийнхэн дундаа хамгийн шилдэг дамжуулагч гэж тодорхойлов.
Ахлах сургуулиа төгсөх үед Брансонд хоёр сонголт гарч ирсэн. Нэг нь Иллинойсын их сургууль, нөгөө нь Виллановагийн их сургууль. Эцэст нь тэрбээр Виллановаг сонгосон. Энд тэрбээр ирээдүйн Никсийн хамтрагчид болох Микал Бриджес, Жош Харт нартай хамт тоглож, хоёр ч удаа үндэсний аварга болсон түүхтэй. Мөн Донте Дивинченцо ч энд байсныг дурдах хэрэгтэй.

2017 онд Брансон NBA-ийн драфтад сонгогдох боломжтой байсан ч их сургуульдаа дахин нэг улирал тоглож, дараа жил нь драфтын 33 дахь сонголтоор Даллас Маврикс багт очсон.
ДАЛЛАСЫН ГУРАВ ДАХЬ СОНГОЛТ
Брансон 188 см өндөртэй. Энэ нь түүнийг дутуу үнэлэх, түүнд эргэлзэх шалтгаан болдог гэхэд хилсдэхгүй. Түүнээс биш Брансоны ур чадвар, зориг зүрх, сэтгэл зүй, тэмцэгч чанарыг юутай ч харьцуулашгүй.
2018 оны драфтын дараа Даллас Маврикс баг холбон тоглогчдын “хордлого”-д орсон. Драфтын ангийнх нь гурав дахь сонголт Лука Дончичоос гадна Девин Харрис, Ж.Ж Бареа, Деннис Смит Жуниор, Трей Бөрк гээд нэг байрлал дээрх өрсөлдөөн ширүүн. Брансон ихэнхдээ сэлгээнээс 20 минут тоглож, хийдгээ л хийж байв.

Деннис Смит Жуниор бэртэж, түүний оронд Дончичтой хамт гараанд гарав. Энэ үеэс л өөрийн потенциалыг бага багаар харуулж эхэлсэн. Дараалсан арваас дээш оноонууд, ашигтай дамжуулалтууд нь түүнийг сайн үүргийн тоглогч болгосон. Бүр сэлгээний “Шилдэг зургаа дахь тоглогч”-ийн шагналд хүчтэй өрсөлдөв.
“ХЭЗЭЭ Ч ОД БОЛОХГҮЙ”
2021-2022 оны улирлын плей-оффд Лука Дончичгүй Далласын аврал нь Брансон байлаа. Юта Жаззын эсрэг гангарч, Финикс Сансыг давсан. Улмаар түүний гэрээ дуусах үед “Одоо яах вэ?” гэдэг асуулт гарч ирсэн.
Тухайн үед Даллас Маврикс бүтцийн хувьд өөрчлөгдөж, удирдлага, ерөнхий менежер, ахлах дасгалжуулагч солигдож байв. Багийн эзэн Марк Кубан болон шинэ менежер Нико Харрисон нар Брансонд таван жилийн 175.5 сая ам.долларын гэрээ санал болгох төлөвлөгөөтэй байсан ч Нью-Йорк хотод товлосон уулзалт болоогүй гэнэ.
Улмаар Брансон тэр зундаа Никстэй дөрвөн жилийн 104 сая ам.долларын гэрээ үзэглэсэн. Марк Кубан хожим ярихдаа “Бид түүнийг ийм хэмжээний тамирчин болно гэж бодоогүй. Хүмүүс үүнийг нь хараагүй. Тэр шаргуу хөдөлмөрлөсөн. Лукагүй үед өөрийгөө од болох хэмжээний гэдгээ харуулсан. Тэр биднийг Ютаг хожиход хөтөлсөн” гэжээ.
Харин Нико Харрисоны хэлснээр Брансон Никстэй хэдийнэ холбоо тогтоож, сэтгэлээрээ оччихсон байсан гэдэг.

Никсийг Брансонд 100 сая долларын гэрээ өгөхөд олон хүн эргэлзсэн, тээнэгэлзсэн. WNBA-ийн домог Беки Хэммон хүртэл ярихдаа “Никс сайн дасгалжуулагчтай, сайн хамгаалдаг баг хэдий ч тоглолтын төгсгөлд тэднийг аврах хүн алга байна. Та нарт ‘1A’ хүн хэрэгтэй. Гэвч тэр нь алга. Брансон бол хэтэрхий намхан” гэж байлаа.
“1A” гэдэг нь супер од тоглогчдын гарын үсэгтэй цор ганц картыг хэлж байгаа юм. Хожим нь Брансоны хоёр өөр төрлийн “1А” картны нэг нь 18,600 ам.доллараар зарагдаж, нөгөө нь 25 мянган ам.доллараар үнэлэгдсэн юм.

100 САЯ ДОЛЛАРЫН ЗОЛИОС НЬ АВАРГЫН ЦОМ БОЛОВ
Брансон ч Нью-Йорк хотод аавынхаа хажууд идээшсэн. Бүх одод болж, бүх NBA-ийн багт багтаж, плей-офф бүрээр л хотынхны итгэл, найдварыг тээсэн. Гэвч финалын бараа харагдсангүй. Ингэж явсаар 2024 онтой золголоо. Гэрээнд нь хоёр жил үлдсэн ч Брансонд гэрээгээ шинэчилж, 156.5 сая ам.долларын дөрвөн жилийн гэрээ байгуулав.
Угтаа түүнд таван жилийн 256 сая ам.долларын гэрээ хийх боломж байсан ч цалингаа бууруулж, багийнхаа санхүүд дэм болов. Тэрбээр цалингаа хассанаар баг нь санхүүгүй дарамтгүй баг бүрдүүлэх, сайн тоглогчид элсүүлэх боломж бүрдсэн юм. Удаа ч үгүй Карл-Энтони Таунс ирж, өнөөгийн аваргын аялал эхэлсэн.
Үүнээс хойших түүхийг бүгд мэднэ.

АХЛАХ СУРГУУЛИЙН ХАЙР ҮҮРД
Брансон эхнэр Али Маркстайгаа ахлах сургуульдаа танилцсан. Хосууд оюутан болж, холдсон ч салаагүй. Тэд 2023 онд Чикагод хуримаа хийж, 2024 онд өөрсдийн охин Жординыг өлгийдөн авчээ. Брансонг ахлах сургуулийн хоосон заалнаас Медисон Сквер Гардены гял, цал тайз хүртэлх аялалд Али Маркс хамт байсан гэхэд хилсдэхгүй.
