Дэлхийн нүүдэлчдийн их наадамд оролцох бөхчүүд өнөөдөр тодорно

Хүн төрөлхтний соёлын биет бус өв, нүүдэлчдийн уламжлалт спорт, тоглоом наадмыг сурталчлан таниулдаг “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад зохион байгуулагдахаар болжээ. Хоёр жил тутамд уламжлал болгон зохиогддог тус наадмын цар хүрээ, чансаа жилээс жилд тэлсээр байна.

Тэгвэл энэ удаагийн VI наадамд одоогийн байдлаар 60 улс орон оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд нийт 90 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ гэдгийг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.

Дэлхийн нүүдэлчдийн спортын цогц наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох бөхийн төрлийн тамирчдыг сонгон шалгаруулах хариуцлагатай тэмцээн өнөөдөр буюу зургадугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд албан ёсоор эхэллээ. Энэхүү сонгон шалгаруулалтыг бөхийн зургаан төрлөөр, тамирчин бүрийн чансааг шалгах халз барилдааны хэлбэрээр зохион байгуулж  байгаа юм.

Ташрамд дурдахад, 2022 онд Бүгд Найрамдах Турк Улсын Изник хотноо болсон наадамд дэлхийн 102 орны 3000 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан бол 2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата хотод зохион байгуулагдсан удаах наадамд 89 орны 2500 орчим тамирчин хуран цугларч байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн