Цөмийн зэвсэгт зарцуулсан дэлхийн нийт зардал огцом өсжээ

ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 12 /Kazinform/. Дэлхийн цөмийн зэвсэгтэй есөн улс цөмийн зэвсгийн нөөцөө хадгалах, шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө оруулсаар байгаатай холбоотойгоор 2025 онд цөмийн зэвсэгт зарцуулсан дэлхийн нийт зардал огцом өсөж, 119 тэрбум орчим ам.долларт хүрсэн тухай Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажлын шинэ тайланд дурджээ.

Цөмийн зэвсэгт зарцуулсан зардал 2024 оныхтой харьцуулахад 16.8 тэрбум ам.доллар буюу 19 хувиар өсжээ. Зардлын хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байгаа ба тус улс өнгөрсөн онд цөмийн зэвсэгтээ 69.2 тэрбум ам.доллар зарцуулсан нь цөмийн зэвсэгтэй бусад бүх улсын нийт зардлаас давсан үзүүлэлт болсон байна. 

Удаах байранд БНХАУ 13.5 тэрбум ам.долларын зардалтайгаар жагссан бол Их Британи 12.6 тэрбум ам.доллар зарцуулснаар гуравдугаарт оржээ.

Уг тайланд мэдээлснээр, цөмийн зэвсэг бүхий есөн улс сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2021-2025 онуудад цөмийн зэвсэглэлдээ нийт 471 тэрбум ам.доллар зарцуулсан байна.


Нөгөө талаар, цөмийн зэвсгийг бүрэн устгахыг дэмжих олон улсын хөдөлгөөн улам өргөжиж байна. Өдгөө олон улсын хэмжээнд цөмийн зэвсгийг бүрмөсөн хориглох, оролцогч талуудад цөмийн зэвсгээс бүрэн ангижрах үүрэг хүлээлгэдэг Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 99 улс орон гарын үсэг зурж, соёрхон баталжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн