Аадар борооны улмаас нэн ховордсон орангутаны тоо толгой цөөрчээ

Индонезийн Суматра аралд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дөрвөн өдрийн турш орсон аадар бороо, хөрсний гулгалтын улмаас дэлхийн нэн ховордсон төрлийн орангутануудын тоо толгой цөөрчээ. Нэн ховордсон Тапанули орангутан 800 хүрэхтэй үгүйтэй байдаг. Гэтэл үргэлжилсэн аадар борооны улмаас тэдний долоон хувь буюу 58 нь устаж үгүй болжээ.

Сеняр хар салхи арваннэгдүгээр сарын сүүлээр Суматраг сүйтгэж, 1000 гаруй хүний ​​аминд хүрсэн нь Зүүн өмнөд Азийн 2025 оны хамгийн аймшигтай байгалийн гамшиг болсон юм.

Судалгааны үр дүнгээс харахад хэт их хур тунадас нь орангутаны сүргийн амьд үлдэх чадварт шууд заналхийлдэг байна. Тапанули орангутаны тоо толгой шуурганы дараа цөөрсөн байсныг зэрлэг амьтан судлаачид болон байгаль хамгаалагчид өмнө нь ч олж тогтоож байжээ.

Сеняр хар салхи ойролцоогоор 35 орангутаны аминд хүрсэн байх магадлалтайг хар салхины дараахан мэдэгдэж байв. Мөн энэ нь тухайн төрөл зүйлд томоохон цохилт болно гэж мэргэжлийн хүн анхааруулж байжээ. Гэтэл энэ долоо хоногт нийтлэгдсэн тайланг харвал 35-аас илүү буюу 58 орангутан үхэж үрэгджээ.

Судлаачдын цохон тэмдэглэж буйгаар орангутануудын тоо толгой цөөрсөнд дан ганц хар салхийг буруутгах аргагүй аж. Өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт үүнд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Бүс нутагт цаашид ч хүчтэй хур тунадасны давтамж нэмэгдэх төлөвтэй байна.

Тапанули орангутаны төрөл зүйлийг 2017 онд л албан ёсоор шинжлэх ухаанд нэрлэн тогтоосон. Энэ төрөл зүйлийн тоо толгой жилд нэг хувиас дээш хэмжээгээр цөөрөхөд л устаж үгүй болох аюултайг судлаачид онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн