Наадам дөхсөн энэ үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Хэрэв энэхүү төсөл дэмжигдвэл нэр бүхий 17 бөхөд цол нөхөн олгох юм. Үүнтэй холбогдуулан филосифийн ухааны доктор, дэд профессор, бөх судлаач Б.Буяндэлгэртэй ярилцлаа. Түүний хувьд 20 гаруй жил монгол бөхийн талаар судалгаа хийж байгаа юм.
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаж байна. Та танилцав уу?
–Би хувь хүнийхээ хувьд өөрийнхөө байр суурийг л илэрхийлье. Ерөнхийдөө хоёр хуульд л нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Үндэсний их баяр наадмын тухай үндсэн хуульдаа 256 бөх барилдсан тохиодолд аймгийн наадамд харцага цол олгъё гэнэ. Энэ бол барилдаж буй бөхийнхөө тооноос хамаараад боломжтой л өөрчлөлт. Хоёр дахь хууль нь бол Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль бий. Энэ хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хүмүүсийн гол талцаж, маргаад байгаа хууль нь энэ хууль.
Энэхүү хууль дээр 1995 онд болсон Өндөр гэгээний даншиг, 1987 оны барилдаан гэх мэт бөхчүүдийн цолыг нөхөн олгох заалт л байгаа. Үүн дээр маргаан үүссэн. Хувь хүний хувьд харахад болж өнгөрсөн барилдаанд одоо цол нөхөн олгох нь хэр зөв бэ? Хууль эрх зүйн хувьд УИХ-д хэлэлцэгдэх байх.
-Энэ хуулийн төслөөс гадна өнөө жил 1024 бөх барилдах эсэх дээр талцах хүмүүс ч байна. Таван жил тутамд 1024 бөх барилдвал цолны үнэ цэн алдагдана гэх эсэргүүцэх тал байгаа. Та ямар бодолтой байна вэ?
-Гол зүйл нь хуулиндаа наадмыг спортын уралдаан, тэмцээн юм уу эсвэл уламжлалт соёлын илэрхийлэл үү гэдийг нарийн тусгаагүй байж магадгүй. Үндэсний их баяр цэнгүүн гэвэл олон бөх барилдуулж, хамруулж байх тусам л сайхан гэлтэй. Ийм үзэл баримтлал дэвшүүлж байна уу гэж харж болно.
Гэтэл спортын тэмцээн гэж үзвэл яг нэг түвшний тогтмол тооны бөхчүүд барилдах нь зүйтэй. 512 гэвэл жил бүр л 512 бөх барилддаг байвал спортын шударга байдалд илүү зохистой. Маргалдах үндэс нь зарим ижилхэн цолтой бөхчүүд ижил амжилт үзүүлэхэд өөр, өөр цол чимэг нэмэх боломжтой байна гэж л маргаж байна. Тиймээс энэ нь спортын шударга байдлын зарчимд нийцэхгүй болов уу. Судлаачийн хувьд наадмаар барилдах бөхчүүдийн тоо тогтмол байгаасай гэж боддог.
-Цол нөхөн олгох маргаан үүссэн. Ардын хувьсгалын 100 жилийн ой тодорхой эсэргүүцлийн улмаас тухайн жилдээ бус хойтон жил нь болсон. Гэтэл яг тухайн жилд нь ТББ-ын ойг тэмдэглэж, 512 бөх барилдуулсан. Одоо тэрхүү барилдааны бөхчүүдэд цол нөхөн олгъё гэж байна. Энэ дээр таны бодол?
-Би бас зарчмын хувьд л яръя. Хувь хүнтэй холбоотой асуудал учир энэ ярианы цаана хүн л яригдана. Буруу гэж яривал таагүй сэтгэгдэлтэй үлдэх хүмүүс бий. Тэрхүү хүмүүст цол олгуулахыг эсэргүүцэж байна гэж битгий ойлгоорой. Хэрэв тухайн үед үндэсний их баяр наадам мөн гэж зохицуулаад наадам хийгээгүй л бол ийм цар хүрээтэй байсан учир дүйцүүлнэ гэх нь зохимжгүй.
Хэрэв ингэж дүйцүүлбэл бүр зургаан мянган бөх барилдсан барилдааныг наадмын хэмжээнд үзэх үү?
Аль эсвэл хуулин дээрээ үндэсний их баяр наадамтай давхцсан жилийн барилдааныг тооцохгүй гэх заалт оруулж өгөх хэрэгтэй байх. Бүх зүйл тодорхой байвал хүмүүс ингэж маргахгүй. Хууль бол зөвхөн өнөөдрийн үйл явцыг зохицуулахаас гадна ирээдүйн гарч болзошгүй үр дагаврыг мөн зохицуулах юм. Цаашид ийм маргаан гаргахгүйн тулд зарчмаа баримтлах нь зөв.
-Энэ ТББ-ын ойн барилдаанаас гадна түүнээс өмнөх үеийн барилдаануудын цол, чимгийг нөхөн олгох яриа гарсан?
-Яг нарийндаа би ер ойлгохгүй байгаа юм. Яг ямар зарчмаар 1987 оноос хойш гэдгийг гаргаж ирсэн юм бол? Үүнийг хууль санаачилсан, дэмжсэн хүмүүс л сайн мэдэх байх. Хуулийн өөрчлөлт, шинэчлэл тодорхой судалгаан дээр үндэслэсэн байх ёстой. Тэр судалгааг нь уншаагүй болохоор буруу, зөв гэдгийг нь шууд хэлэхэд бэрхшээлтэй.
Гэхдээ нийтэд өгсөн мэдээллээр 1987 оноос хойш барилдаан гэдгээ ямар шалгуур сонгосон бэ гэдгээ тодорхой таниулж чадахгүй байна. Авч үзвэл нийгэм, эдийн засгийн өөрчлөлт орсон 1990 оноос хойш гэх байсан уу? Эсвэл Ардын хувьсгалын баяр наадамд тэмдэглэдэг болсон цагаас уу? Ийм асуудал гарч ирнэ.
Түүхэндээ тухайн үеийн хууль, дүрэм журмандаа хэрхэн тайлбарлаж, хэрэгжүүлж байсан ялгаатай практикууд монгол бөхийн түүхэнд байсан. Хууль тогтоох байгууллага хэрхэн шийдэж, хэрхэн хэрэгжүүлэх нь судлаач бид нараас хамаарахгүй учир хөндлөнгөөс л ажиглаж байна.
-Бөхийн цол чимгийг заавал давж авдаг болохоос биш хууль баталж авдаггүй юм гэх тал байна. Энэ өнцгийг та юу гэж харж байна?
-Хуулийг өөрчилж байгаа шалтгаан нь нэгэнт гаргасан амжилтыг нь хэрхэн үнэлэх вэ гэдэг шалгуурыг нь өөрчилж байгаа юм. Шалгуурыг өөрчилж байгаа учир тэр шалгуурыг давсан бөхчүүд нь цол ахиж байгаа гэх юм уу даа. Ард олны ярьж байгаа зөв. Давж байж авах ёстой гэдэг.
Харин шалгуурыг нь ойр ойрхон өөрчилж болох юм уу гэдэг асуудлыг дэвшүүлэх ёстой. Түрүүн хэлсэнчлэн хууль бол одоо төдийгүй ирээдүйг зохицуулдаг учир бодолтой байх хэрэгтэй. Шалгуурыг нь нэгэнт тохирсон бол хэдэн жилдээ хөдөлгөхгүй, хөндөхгүй байх ёстой юм.
Миний мэдэж байгаагаар 2022 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш энэ жилийнхтэй нийлээд бараг дөрөв дэх удаагаа нэмэлт өөрчлөлт хийж байна. Өөрөөр хэлбэл, жил бүр хуулийг хөндөж байна. Жишээлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг олон өөрчлөөд байх тусам хөрөнгө оруулагчид дайжна биз дээ.
Үүнтэй адил жил бүр л Үндэсний их баяр наадмын тухай хуулийг өөрчилбөл баяр наадам цэгцрэхэд хол байна л харагдана. Ийм талыг нь бодож үзвэл өөрчлөлт ойрхон байвал зохимжгүй. Аливаа нэгэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал яг түүнтэй холбоотой харилцааг зохицуулдаг бусад хуулиудыг өөрчлөх шаардлага гардаг. Үндэсний их баяр наадмын тухай хууль олон өөрчлөгдөж байгаа нь магадгүй бусад хуулийг дагаж өөрчлөх шаардлагагүй маш хялбар байдагтай холбоотой байх.
УИХ-ын гишүүдийн хувьд ажлаа хийж байгаагаа харуулах гэсэн хэлбэр юм шиг. Үндсэн заалтууд руу хэзээ ч ордоггүй.
Хуулийн үзэл баримтлалын хэсэг дээр үндэсний их баяр наадам гэдэг бол хурдан, сурын харваа, бөхийн барилдаан гээд заачихсан байдаг. Гэтэл энэ хуулинд бүх цэргийн наадам гэх заалт бий. Нэг хэсэг хасагдсан байсан ч шинэчилсэн найруулгаар дахиад баталчихсан.
Бүх цэргийн наадам энэ Үндэсний баяр наадмын тухай хуульд хамаарах ёстой юм уу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй.
Үндэсний баяр наадмын тухай хуулийг нухацтай, үндэслэлтэй шинэчилье гэвэл олон асуудал дотор нь бий. Гагцхүү өөрчлөлтүүд нь цол олгохтой холбоотой яваа нь ойлгомжгүй.
-Монгол бөх гэдэг өргөн ойлголт. Нэг талаараа спорт атлаа нөгөө талдаа үндэсний өв, соёл гэж явдаг. Спорт гэвэл бөхийн холбоо нь цол олгох эсэхээ шийдэх ёстой. Гэтэл өв соёл болохоор төр оролцдог. Энэ харилцааг хэрхэн зохицуулах вэ?
-Наадам бол олон мянган жил үргэлжилсэн төрийн ёслолын үйл ажиллагаа. Үүнд оролцох зайлшгүй оролцох ёстой. Гэхдээ үзэл баримтлалаа ямар түвшинд боловсруулснаас болоод төр бие даасан спортын төрлүүдийн үйл ажиллагаа руу орох эсэхээ зохицуулах талтай. Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол олгож байгаа учир төрийн ёслол хүндэтгэлийн нэг хэсэг болж байгаа.
Тиймээс хэрэв Үндэсний их баяр наадмын тухай хуулийг илүү гүнзгийрүүлж оновчтой болгоё гэвэл энэ харилцаануудыг хэрхэн зааглаж болохыг бас илүү нарийвчилж авч үзэж болох юм. Үүнийг нэг хүн эсвэл нэг бүлэг хүн бодоод шийдчих асуудал биш. Бөх сонирхогчоос эхлээд бөхчүүд, судлаач, түүх гээд олон нөлөө бий. Энэ бүхнийг хуулийн үзэл баримтлалдаа хэрхэн судалж, тусгах вэ гэдэг л асуудал.
-УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндэсний спортын тухай хууль батлах шаардлагатай гэсэн. Хэрэв энэ хуулийн ажлын хэсэг байгуулагдаад ажил хэрэг болвол хууль ямар байгаасай гэж хүсэж байна?
-Одоогоор Биеийн тамир спортын тухай хууль дээр үндэсний спорт гэж ийм спортуудыг хэлнэ гээд заачихсан байдаг. Хэрэв үндэсний спортоо тусад нь хууль болгоод баталбал Үндэсний их баяр наадмын тухай хуулиас тэр спортын тодорхой хэсгүүд нь зааглагдах боломжтой. Тийм санаачилга гарвал спортоо тусад нь улс төр болон бусад ашиг сонирхлыг бүлгээс хэрхэн ангид байх вэ гэдгийг заагаад өгчихөөсэй. Энэ оновчтой ч байж магадгүй.
-Төр дагаж бөх гэх үг бий. Сүүлийн жилүүдэд энэ үгний утга, авцалдаа дэндүү туйлширч, монгол бөхийг харлуулах боллоо. Энэ дээр таны бодол?
-Миний бодлоор улс төрийн оролцоотой хүмүүс үндэсний спорт, баяр наадмын нэр хүндийг өөрсдийнхөө карьерт давамгай харагдах байх. Хүмүүсийг шууд гүтгэж болохгүй. Гэхдээ олон нийтийн дунд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн, өөрийн нутаг орны бөхчүүдийг дэмжихийн тулд ийм хуулийн төсөл боловсруулсан гэж шуугьж л байна.
Үүнээс ангид байхын тулд бөхийн хөгжлийн төлөө гэдгээ харуулсан судалгаа, нотолгоон дээр тулгуурсан төсөл гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ төслөөр ойрын ирээдүйд энэ спортыг, наадмыг хэрхэн өөрчилж, оновчтой болгох чадах юм бэ гэдэг үр дүнгээ харуулах хэрэгтэй байна.
Төр монгол бөхөд оролцож байгаа л хойно эрх барьж байгаа, улс төрийн хүчнүүдийн оролцоо ил, далд байж л байна. Олны дэмжлэгийг авахгүй, дэмжигдэхээргүй зүйлийг улс төрийн тодорхой бүлэг санаачилж байгаа бол үүнийг зохицуулах, хязгаарлах дүрэм, журам байх ёстой.
Хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн ашиг сонирхлыг үндэсний өв уламжлал гэдэг нэрээр хавчуулахгүй байх заагийг боловсруулж, батлах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.