Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, Мексикийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн гүйцэтгэх захирал Алехандра дель Морал Вела нар Мехико хотноо энэ сарын 8-нд хоёр улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү баримт бичиг нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцааны асуудлаар яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх, мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хүрээ, механизмыг бүрдүүлэх зорилготой юм.
Талууд санамж бичгийн хүрээнд хоёр улсын гадаад харилцааны яамны албан хаагчдад зориулсан богино хугацааны сургалтыг ээлжлэн зохион байгуулах, мөн бусад хөгжиж буй орнуудын төрийн албан хаагчдад зориулсан чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулахаар тохиролцлоо.
Монгол, Мексикийн харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Энэ үед тус баримт бичгийг байгуулснаар хөгжлийн хамтын ажиллагааны эрх зүйн суурь бэхжиж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ туршлага солилцоо өргөжихөд чухал хувь нэмэр оруулах юм гэж ГХЯ-наас мэдээллээ.
