Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид болон Экологийн цагдаагийн албаны төлөөллийг оролцуулсан Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, уур амьсгалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар оролцож байр сууриа илэрхийлж, байгаль орчны салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын тогтолцоо, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцов.
Өнөөдөр Монгол Улсын өмнө цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, хууль бус ашиглалт зэрэг олон сорилт тулгарч, энэ бүхний эсрэг хамгийн эхний шугаманд байгаль хамгаалагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагчид ажиллаж байгаа юм.
Байгаль орчин, уур амьсгалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Монгол орны өргөн уудам нутагт байгалийн нөөц баялаг, ой мод, ус, ан амьтнаа хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй байгаль хамгаалагчид, улсын байцаагчид маань зарим тохиолдолд орчин үеийн техник, технологи ашигласан хууль бус үйл ажиллагаатай морь, мотоцикл, дурантайгаа тэмцэж байгаа нь бодит үнэн юм. Тэдний ажил хөдөлмөрийн үр дүнд олон зөрчил илэрч, олон газар нутаг хамгаалагдан үлдэж байна.
Экологийн цагдаагийн алба байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах чиглэлээр салбарын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, байгаль хамгаалагчид, улсын байцаагчдын үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Байгаль хамгаалахад гаргасан амжилт үе дамждаг. Байгальд учруулсан хохирол, гаргасан алдаа ч мөн үе дамждаг. Тиймээс байгаль орчны хяналтын тогтолцоог бэхжүүлэх, байгаль хамгаалагчид, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, техник тоног төхөөрөмж, нийгмийн баталгааг сайжруулах нь бидний тэргүүлэх зорилтын нэг хэвээр байх болно хэмээлээ.









