Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн баталж чадвал Монгол Улс байгаль хамгааллын чиглэлд дэлхийд манлайлах боломж бүрдэнэ

Тусгай хамгаалалттай газарт нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Бидний ярилцах гол сэдэв бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Энэхүү төсөлтэй холбоотой олон нийтийн дунд нэлээд хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад ямар гол өөрчлөлт тусгаж байгаа вэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 32 жилийн дараа шинэчлэн найруулж байгаа нь өөрөө онцлогтой. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хууль нь өнөө цагийн зарим харилцааг зохицуулж чадахгүй болсон тул эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор шинэчилсэн найруулгыг боловсруулж байна. Тухайлбал, 1994 онд уг хуулийг батлахад оролцож байсан хуульчидтай ярилцахад тухайн үед Богдхан уулын дархан цаазат газрын зарим хэсэгт орон сууцны хороолол бий болно гэж огт төсөөлөөгүй, ийм нөхцөлийг хуульдаа тусгаагүй байсан гэдгийг хэлдэг. Өнөөдөр харин тусгай хамгаалалттай газар нутаг дотор хот суурин газар бий болсон нөхцөл байдал үүссэн байна. Иймээс бид юуны өмнө энэ харилцааг хуульчлан зохицуулахыг зорьж байгаа. Энд иргэдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн эрхтэй холбоотой болон эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх боломж зэрэг олон асуудлыг шийдээгүй хэвээр. Мөн боловсрол эзэмших эрхтэй холбоотой хүндрэл гарч байна. Тухайлбал, орон сууцны барилга барьсан атлаа сургууль, цэцэрлэг байгуулах боломжгүй нөхцөл үүссэн. Үүний улмаас нийгмийн шинжтэй олон сөрөг үр дагавар бий боллоо.

Хоёрдугаарт, 1994 оноос өмнө тухайн газар нутагт уламжлал ёсоор амьдарч, нутаглаж ирсэн малчдын эрх ашигтай холбоотой. Тэд өвөлжөө, хаваржаагаа өвөг дээдсээсээ уламжлан ашиглаж ирсэн ч энэ харилцааг хуульд бүрэн зохицуулж өгөөгүй. Үүнээс шалтгаалан ахуйн хэрэгцээндээ мод, түлээ бэлтгэх, малын хашаа хороонд шаардлагатай шургааг авах, хадлан бэлтгэх, эмийн ургамал түүж ашиглах зэрэг уламжлалт хэрэглээтэй холбоотой олон асуудал өнөөдөр зохицуулалтгүй үлдсэн. Түүнчлэн уламжлалт анагаах ухаан эрхэлдэг маарамба, оточ нарын үйл ажиллагаатай холбоотой харилцааг ч орхисон байдаг. Шинэчилсэн найруулгаар эдгээр асуудлыг тодорхой болгож, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилт тавьж байна.

Гуравдугаарт, байгаль хамгааллын зарчимтай холбоотой.

1994-2026 он хүртэлх 32 жилийн хугацаанд байгаль орчин, уур амьсгалын нөхцөл байдалд асар их өөрчлөлт гарсан. Тухайлбал, 1976 онд Монгол Улсын нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэгтэй байсан бол 2015 он гэхэд энэ үзүүлэлт 29 хувь болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, бид цэвдгийнхээ 34 хувийг алдсан гэсэн үг.

Энэ мэт уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын нөлөөллөөс шалтгаалан хүн төрөлхтөн байгалиа зөвхөн хамгаалахаас гадна нөхөн сэргээх, дэмжих чиглэлд анхаарч эхэлсэн. Тиймээс хэт хамгаалалтын бодлогоос илүүтэй байгалийн өөрийнх нь нөхөн сэргэх чадварыг дэмжих, ургалтыг нь нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд тодорхой зохицуулалт хийх шинэ хандлагатай болж байна.

Дөрөвдүгээрт, хүлэмжийн хийн зах зээлтэй холбоотой. Өмнө нь бид агаарыг эдийн засгийн үнэлэмжтэй гэж үздэггүй байсан бол өнөөдөр дэлхий нийт нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг үнэлдэг болсон. Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нүүрстөрөгчийн кредитийн зохицуулалтыг тусгаж, энэ чиглэлээр гадаад валютаар орлого олох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь, Парисын хэлэлцээрийн хүрээнд олон улс орон холбогдох хууль тогтоомжоо баталж, нүүрстөрөгчийн арилжааны олон улсын зах зээл бий болсон. Монгол Улс ч энэ боломжийг ашиглаж, олон улсын зах зээлд оролцох шаардлагатай.

Тавдугаарт, аялал жуулчлал болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой. Одоогийн зохицуулалтаар газар ашиглах эрхийг ихэвчлэн таван жилийн хугацаатай олгодог. Хэдийгээр сунгах боломжтой ч таван жил тутамд дахин шийдвэрлүүлэх шаардлагатай байдаг. Энэ нь хөрөнгө оруулалт татахад томоохон хүндрэл учруулж байна. Мөн арилжааны банкнаас зээл авахад ч саад болдог. Тухайлбал, аялал жуулчлалын баазаа дөрвөн улирал ажилладаг цогцолбор болгон өргөжүүлэхээр зээл хүсэхэд банкнаас “Газрын ашиглалтын хугацаа удахгүй дуусах гэж байна” гэсэн үндэслэлээр санхүүжилт олгохоос татгалзах тохиолдол гардаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж, газрын ашиглалтын хугацааг урт хугацаагаар олгох боломжийг тусгаж байгаа. Ийнхүү тодорхой тулгамдсан асуудлуудыг шинэчилсэн найруулгад нарийвчилсан зохицуулалтаар шийдвэрлэхээр тусгасан.

-Та малчдын эрх ашигтай холбоотой асуудал өмнөх хуульд орхисон байсан талаар дурдлаа. Энэ хуулийг баталснаар малчдын хувьд ямар давуу тал бий болох вэ?

-Тухайн газар нутагтаа уламжлалт мал аж ахуй эрхэлж, өвөлжөө, хаваржаагаа ашиглан амьдарч ирсэн иргэдийн хувьд газар ашиглах эрхийг хугацаагүйгээр олгохоор тусгаж байгаа. Нэгдүгээрт, газар ашиглах эрх нь хугацаагүй байна. Хоёрдугаарт, тухайн эрхийг гэр бүлийнхээ гишүүнд өвлүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, тухайн газар нутагт үе удмаараа амьдарч ирсэн иргэн шинэчилсэн найруулгыг баталснаар газар ашиглах эрхээ хугацаагүйгээр эдэлж, цаашид үр хүүхэддээ өвлүүлэн шилжүүлэх эрхтэй болно. Мэдээж тодорхой хориглох зохицуулалтууд мөн бий. Ингэхдээ газар ашиглах эрхийг бусдад худалдах, шилжүүлэхийг хориглоно. Зориулалтыг өөрчлөхийг хориглоно. Нэг ёсондоо малчин иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар ашиглаж байгаа газартаа аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, жуулчны бааз байгуулах бол тухайн газрын зориулалтыг аялал жуулчлалын чиглэлд шилжүүлэх шаардлагатай болно. Энэ тохиолдолд өмнөх зөвшөөрөл хүчингүй болж, аялал жуулчлалын зориулалтаар шинээр зөвшөөрөл авах зохицуулалт үйлчилнэ. Нөгөө талаас иргэдийн ахуйн хэрэглээтэй холбоотой олон эрхийг нээж өгч байгаа. Жишээ нь, түлээ мод бэлтгэх, малын хашаа, хороонд шаардлагатай шургааг авах зэрэг ахуйн хэрэгцээний зохицуулалтыг илүү уян хатан болгож байна. Мөн ойн дагалт баялагтай холбоотой харилцааг тодорхой болгож байгаа. Самар, жимс, эмийн ургамал зэрэг ойн дагалт баялгийг ахуйн хэрэглээний хэмжээнд ашиглахыг шууд зөвшөөрөх зохицуулалт тусгасан. Үүнээс гадна иргэдэд хүндрэл учруулдаг байсан зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулж байна. Өмнө нь ахуйн хэрэглээндээ түлээ мод авахын тулд сумын төв орж, цаасан зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо гар утас, цахим системээр мэдээллээ бүртгүүлээд зөвшөөрлөө авах боломжтой болно. Өмнө нь иргэд санамсаргүй байдлаар хууль зөрчих, улмаар гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг байсан. Харин цахим систем нэвтэрснээр зөвшөөрөл бүхэлдээ бүртгэлжиж, иргэнээс дахин дахин нотлох баримт шаардах шаардлагагүй болно. Системд таны зөвшөөрөл бүртгэлтэй байвал хяналтын байгууллага түүнийг шууд шалгаж, тээвэрлэлт хийх эрхтэй эсэхийг тогтоох боломжтой болно гэсэн үг.

Мөн хадлан, тэжээл бэлтгэх асуудлыг илүү оновчтой зохицуулж байгаа. Байгаль хамгааллын шаардлага, хяналтын хүрээнд малчид өөрийн хэрэгцээт хадлан, тэжээлээ бэлтгэх бүрэн боломжтой болно. Өмнө нь тусгай хамгаалалттай газар нутагт амьдардаг малчид шаардлагатай хадлангаа бэлтгэж чадахгүйгээс болж 5, 10, бүр 20 километрийн алсаас зөөж бэлтгэх шаардлагатай болдог байсан. Энэ хүндрэлүүдийг арилгахыг зорьж байна. Ер нь нэг буруу ойлголт байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч, уламжлалт мал аж ахуй эрхэлдэг иргэд байгаль орчноо сүйтгэдэг мэтээр ойлгох нь бий. Гэтэл бодит байдал дээр тэд бол тухайн газар нутгийн хамгийн сайн хамгаалагчид байдаг. Хэн ой руу орж, гарч байна, түймрийн эрсдэл үүсэж байгаа эсэх, хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг хамгийн түрүүнд мэдэж, хянаж байдаг хүмүүс нь тухайн нутагт амьдарч буй иргэд өөрсдөө юм. Тиймээс шинэчилсэн найруулгаар байгаль хамгаалах үүрэг, хариуцлагыг иргэдийн оролцоотой уялдуулж, хамгааллын тогтолцоонд нь илүү идэвхтэй байр суурь олгож байгаа гэж ойлгож болно.

Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн баталж чадвал Монгол Улс байгаль хамгааллын чиглэлд дэлхийд манлайлах боломж бүрдэнэ

-Хуулийн төслийг боловсруулах явцад хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр ямар асуудлыг хамгийн их хөндсөн бэ?

-Гурван том асуудлыг хамгийн их хөндсөн. Эхнийх нь  иргэдийн эрх ашигтай холбоотой. Хоёр дахь нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг нэлээд хөндсөн. Өнөөдрийн байдлаар хамгаалалтын захиргаа нь гол төлөв хяналт тавих, нэвтрэх хураамж авах чиглэлээр ажиллаж байна. Гэтэл цаашид байгаль хамгааллын байгууллагууд илүү судалгаа шинжилгээний чиглэлд ажиллах шаардлагатай болсон. Эмийн ургамлын тархац, нөөц багасаж байгаа эсэхийг судлах, ховор амьтдын нүүдлийн коридор хаагуур дамжиж байгааг тогтоох зэрэг шинжлэх ухаанд суурилсан ажлуудыг тогтмол хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын захиргаа нь зөвхөн хяналтын бус, байгаль хамгааллын академик, судалгааны байгууллагын чиг үүргийг давхар хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Үүний тулд хамгаалалтын захиргаа тодорхой хэмжээнд орлоготой байх хэрэгтэй. Байгаль хамгаалагчдын эрх мэдэл, үйл ажиллагааны боломжийг нэмэх шаардлагатай. Тэгвэл шинэчилсэн найруулгаар байгаль хамгаалагчдын бүрэн эрхийг илүү баталгаажуулж өгч байгаа.

Гуравдугаарт, аялал жуулчлалын салбарын асуудал хамгийн өргөн хүрээнд ярьсан. Аялал жуулчлалын компаниудаас хөрөнгө оруулалт хийхэд өнөөгийн газрын ашиглалтын хугацааны зохицуулалт томоохон саад болж байна гэдгийг онцолж байна билээ. Шаардлагатай хөрөнгө оруулалтаа татах гэхээр газрын ашиглалтын эрх нь таван жилийн хугацаатай байдаг тул санхүүжилт авах боломж нь хязгаарлагдмал. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлтээ яаманд өгөөд бүтэн жил хүлээх зэрэг хүндрэл үүсдэг. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд хүнд суртал болж байна. Тиймээс газрын ашиглалтын хугацааг 60 жил хүртэл байхаар зохицуулж, таван жил тутам сунгуулдаг тогтолцоог халж, харин 15 жил тутамд үйл ажиллагаанд нь үнэлгээ хийдэг байх саналыг тусгасан. Заавал 15 жил хүлээхгүйгээр орон нутгийн иргэд, малчдаас үндэслэлтэй гомдол гарч, байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа нь тогтоогдвол хугацаанаас өмнө шалгалт хийж, шаардлагатай тохиолдолд зөвшөөрлийг цуцлах зохицуулалтыг тусгаж байгаа.

-Тэгвэл хамгаалалтын захиргааны хүний нөөц, боловсон хүчний асуудлыг энэ хуульд хэрхэн тусгаж байгаа вэ. Орон тоог нэмэгдүүлэх зэрэг боломжууд бий юү?

-Энэ чиглэлээр хамгаалалтын захиргаанд тодорхой бүрэн эрхүүдийг олгож байгаа. Нэг талаас орлогын эх үүсвэрийг нь нэмэгдүүлж байгаа учраас санхүүгийн хувьд илүү бие даасан байх боломж бүрдэнэ. Нөгөө талаас олсон орлогоо хүний нөөц, тоног төхөөрөмж, байгаль хамгааллын үйл ажиллагаандаа зарцуулахтай холбоотой тодорхой эрх мэдлийг нээж өгч байгаа. Цалин хөлс бол зөвхөн байгаль хамгаалал гэлтгүй бүх салбарт хамаатай суурь асуудал. Цалин өндөр байх тусам хүний нөөцийн чадавх сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл бүрддэг. Мөн байгаль хамгаалагчдын сэтгэл зүтгэл, урам зориг өндөр байхад ч чухал нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн хангалт, хангамжийн асуудал байна. Байгаль хамгаалагчид ихэвчлэн хээр, алслагдсан бүсэд ажилладаг учраас хувцас хэрэглэл, унаа тээврийн хэрэгсэл зэрэг үндсэн нөхцөл хангалттай байх шаардлагатай. Мөн улсын байцаагч болон байгаль хамгаалагчийн эрх зүйн байдлыг илүү тодорхой болгож, бэхжүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ хуулиар байгаль хамгаалагчдын орон тоог нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд суурь цалинг төрөөс олгох зохицуулалтыг хэвээр хадгалж, харин нэмэлт орлогыг хууль эрх зүйн хүрээнд нээж өгч байгаа. Ингэснээр байгаль хамгаалагчид нэмэлт орлого олох, байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих боломжтой болно. Тусгай хамгаалалттай газрын захиргааг дэмжих чиглэлээр олон улсын байгууллагуудын хөтөлбөр, хурдасгуур санхүүжилтүүд үргэлжлэн хэрэгжиж байгаа. Энэ нь захиргааны чадавхыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулахад чухал дэмжлэг болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 1994 оны хууль нь тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн баталсан учраас түүнээс хойш үүссэн олон улсын харилцаа, шинэ чиг хандлагуудыг бүрэн тусгаж чадаагүй. Өнөөдөр Монгол Улс дэлхийн түвшний жишиг, олон улсын чиг хандлагын дагуу бодлогоо тодорхойлж байна. Тухайлбал, дэлхий нийтэд ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгоор хуурай газрын болон далай, тэнгисийн нийт нутаг дэвсгэрийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан. Манай улсын хувьд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг дунджаар 21 хувьтай байгаа. Үүн дээр орон нутгийн хамгаалалттай газар нутгийг нэмбэл нийт хамгаалалтад хамрагдсан хэмжээ илүү өндөр үзүүлэлттэй байна. Мөн олон улсын гэрээ, ЮНЕСКО болон бусад ангиллын хамгаалалтын хэлбэрүүд ч үүнд хамаарна.

Гэвч эдгээрийг нэгтгэн цогцоор нь авч үзэхгүйгээр зөвхөн улсын тусгай хамгаалалтын 21 хувийг 30 хувьд хүргэх тухай ярихад бодит хэрэгжилтийн хувьд олон бэрхшээл үүсэж байна. Үүний нэг нь иргэдийн амьдрал, аж ахуйд үзүүлэх нөлөөлөл юм. Тухайлбал, мал аж ахуй эрхлэх, хадлан тэжээл бэлтгэх, суурьшиж амьдрах нөхцөлтэй холбоотой олон асуудал гарч байна. Бодит байдал дээр Монгол Улс тусгай хамгаалалтад авсан нийт газар нутгийн хэмжээ аль хэдийн өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. Зарим тооцооллоор улсын болон орон нутгийн хамгаалалт, мөн олон улсын ангиллын хамгаалалтыг хамтад нь авч үзвэл нийт нутаг дэвсгэрийн бараг 40 орчим хувь нь ямар нэг хэлбэрээр хамгаалалтад хамрагдсан байна. Хэрэв бид эдгээр хамгаалалтын хэлбэрийг нэгдмэл байдлаар зөв зохицуулж чадвал Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд зогсохгүй, байгаль хамгааллын чиглэлд манлайлагч орны нэг болох боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон түүний байгаль орчны салбарт чиглэсэн бодлого, үйл ажиллагаа нийт ажлынх нь ойролцоогоор 50 хувийг эзэлж байна гэж хэлж болно. Мөн Улаанбаатар хотод зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал буюу НҮБ-ын гишүүн 190 гаруй орны оролцоотой олон улсын арга хэмжээний энэ үед Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн баталж чадвал Монгол Улс байгаль хамгааллын чиглэлд дэлхийд манлайлах боломж бүрдэнэ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хамтран ажилласнаар байгаль хамгааллын чиглэлд олон улсын хэмжээнд жишиг тогтоох, тэр дундаа хамгаалалтын түвшинг нэмэгдүүлж манлайлагч орны нэг болох боломжтой. Хуулийн шинэчилсэн найруулгад хот суурин газрын хамгаалалтын харилцааг тусгайлан авч үзэж байгаа. Тухайлбал, онгон бүс, онцгой бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс, орчны бүс зэрэг ангиллуудын зэрэгцээ “хот суурин газрын хязгаарлалтын бүс” гэсэн шинэ зохицуулалтыг тусгаж байна. Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэр даяар нэг мөр үйлчлэх учраас зөвхөн нэг бүсийн асуудлаар хязгаарлах боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотын Богдхан уулын асуудал төдийгүй Архангай аймгийн Булган уул зэрэг бусад тусгай хамгаалалттай газруудын менежментийг орон нутгийн болон холбогдох засаг захиргааны байгууллагад илүү тодорхой эрх мэдэлтэйгээр хуваарилах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Цаг гарган Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. 


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн