Нигерийн цөлд 49 хүн ангаж нас баржээ

Нигер улсын алслагдмал цөлд машин нь эвдэрснээс болж 49 хүн ангаж цангаж нас барсан хэрэг гарчээ. Тэдгээр нь исламын шашны нэгэн арга хэмжээнд оролцоод Малигаас буцаж яваа хүмүүс байсан аж.  Амиа алдагсад Нигер болон Алжирын дунд байдаг Ассамака гарцнаас 80 гаруй км зайд эзгүй газарт хэд хоног гацсан байна. Энэ газар нь усгүй, утасны сүлжээгүй, аврагдана гэсэн итгэл найдвар төрөхөөргүй газар байв.

Хохирогчид нэг нэгээрээ ухаан алдаж унасаар байсан бөгөөд сүүлд нь хаа сайгүй тарсан цогцоснууд олджээ.

“Жолооч, түүний туслахууд болон зорчигчид усгүй, хэт халуун, тээврийн хэрэгслээ засч чадахгүй гээд амьд үлдэхийн аргагүй хүнд нөхцөлд гацсан байсан. Хохирогчдыг бөөнд нь оршуулсан. Гэхдээ хоёр хүн амьд үлдэж чадсан. Тэд 50 гаруй км алхаж байж, ойролцоох усны эх үүсвэрт хүрсэн байсан. Улмаар тусламж дуудсан” гэж албан мэдэгдэлд дурджээ.

Нигерийн алслагдмал цөл нь Африкийн орнуудаас Европ руу дүрвэж буй цагаачдын явж өнгөрдөг гол зам гэдгээрээ танигдсан. Энэ цөлд олон хүн өлсөж, цангаж амиа алдсан түүхтэй ажээ. Тухайлбал, 2025 онд л гэхэд Нигерийн цөлд дор хаяж 35 цагаач амиа алдсан. Харин 2013 онд 92 цагаач амиа алдсан байдаг бөгөөд үүнээс 52 нь хүүхэд байжээ. Цагаачдыг “залгидгаараа” алдартай өршөөлгүй цөл ч гэж тэр хавийг нэрлэдэг аж.

ЭХ СУРВАЛЖ: LE MONDE

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн