Улс төр ялж, өвчтөнүүд ялагдав

Гондурасын иргэн Эктор Селая өнгөрсөн сард Катакамас хотын эмнэлэгт нүдний хагалгаанд орох ёстой байжээ. Гэвч тус улсын засгийн газар “Mission Miracle” гэх Кубын нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөртэй байгуулсан гэрээгээ цуцалснаар түүний хагалгаа гэнэт хүчингүй болсон байна.

“Mission Miracle” хөтөлбөрийн дагуу Куба улс хөгжиж буй орнуудад олон мянган эмч, эмнэлгийн ажилтан илгээдэг. Гэвч АНУ тэргүүтэй зарим улс энэ хөтөлбөрийг албадан хөдөлмөр ашигладаг гэж шүүмжлэх нь бий.

Гондурас улсын хувьд өнгөрсөн жилийн сонгуулиар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг авсан консерватив үзэлт ерөнхийлөгч Насри Асфура ялалт байгуулсан. Тэрбээр Кубын эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүдийн ажиллах тогтолцоо нь Гондурасын орон нутгийн журамд нийцэхгүй гэж үзсэний үндсэн дээр уг хөтөлбөрийг цуцлах шийдвэр гаргажээ.

Америк тивд зөвхөн Гондурасаар тогтохгүй өөр хэд хэдэн улс Кубатай байгуулсан эмнэлгийн гэрээгээ цуцалсан, эсвэл зарим нь цуцлахаар ажиллаж байна.

Гэтэл Куба улсын хувьд гадаадад илгээдэг эмнэлгийн багууд нь гадаад бодлогынх нь гол тулгуур юм. Үүний зэрэгцээ социалист арал улсын хувьд гадаад валютын чухал эх үүсвэр болдог.

Ямайк, Гайана, Гватемал, тэр ч байтугай сүүлийн 20 жилийн хугацаанд Кубын эмч нарыг хамгийн олноор хүлээн авсан Венесуэль хүртэл Кубын эмнэлгийн хөтөлбөрүүдтэй байгуулсан гэрээгээ цуцалсан, эсвэл цуцлах шатандаа явж байна. Кубын эрх баригчид тэдний шийдвэрт шүүмжлэлтэй хандахын сацуу үүнийг “АНУ-аас өгч буй тушаал” гэж мэдэгджээ. Трампын засаг захиргаа Кубын эсрэг дипломат болон эдийн засгийн бүх талын дарамт шахалт үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, АНУ-ын засгийн газар өнгөрсөн долоо хоногт Кубын ерөнхийлөгч асан 94 настай Раул Кастрод ял тулгасан билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог куба гаралтай гэдэг ч тэрбээр “Mission Miracle” хөтөлбөрийг ил тод эсэргүүцсээр иржээ. Тэрбээр 2025 оны хоёрдугаар сард “Кубын эмнэлгийн хөтөлбөрүүдийг хариуцдаг гуравдагч улсын төрийн албан тушаалтнуудад визний хориг тавина” гэж мэдэгдэж байв. Үүнээс хойш удалгүй визний хориг хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төв Америк, Африк, Карибын тэнгисийн бүс нутаг болон Бразилын албан тушаалтнуудад визний хязгаарлалт тогтоосноо АНУ зарлажээ.

Марко Рубио “Өөрсдийн ард түмнийг дарлан мөлжиж, албадан хөдөлмөрөөс ашиг хүртдэг Кубын дэглэмд хариуцлага тооцохын төлөө бид ажиллах болно” гэж энэхүү визний хязгаарлалтаа зөвтгөсөн юм.

Гэвч Эктор Селая шиг хөдөө орон нутгийн бага орлоготой иргэдийн хувьд Кубын эрүүл мэндийн хөтөлбөр нь эмнэлгийн тусламж үйлчилгээг боломжийн үнээр авах цорын ганц боломж байжээ. Гондураст бүс нутгаасаа хамааран сарын дундаж цалин 400-800 ам.долларын хооронд байдаг. Катaкамас дахь Кубын эмнэлэг нь тус мужийн нүдний мэс засал хийдэг төрийн өмчийн цорын ганц эмнэлэг байсан. Гэсэн ч “Mission Miracle” хөтөлбөр цуцлагдсанаар Селая гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар 2250 ам.доллар төлж, хувийн эмнэлэгт хагалгаанд орсон байна. Ихэнх кубачүүд энэ хэмжээний мөнгийг төлж дийлэхгүй гэдгийг тэр ярьж байна.

АВТОРИТАР ДЭГЛЭМИЙН СУРТАЛ УХУУЛГЫН ХЭРЭГСЭЛ

Кубын эмч нарын баг, эмнэлгийн хөтөлбөрийг “бригад” гэж нэрлэдэг. Ийм төрлийн бригадууд олон жилийн турш маргааны сэдэв болсоор ирсэн. Нэг талаас эдгээр нь Катaкамас зэрэг алслагдсан бүс нутгуудад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх хэрэгсэл. Нөгөөтэйгүүр үүнийг 1960-аад оноос хойш оршин тогтнож буй авторитар дэглэмийн суртал ухуулгын хэрэгсэл гэж шүүмжлэгсэд ч бий.

Америк тив дэх Хүний эрхийн комиссын дөрөвдүгээр сард гаргасан дэлгэрэнгүй тайланд энэхүү асуудлыг бодитоор үнэлж дүгнэхийг хичээжээ. Тайланг харвал бригадууд иргэдийн аж амьдралд бодит хувь нэмэр оруулж байгаа нь маргаангүй үнэн ч Кубын удирдлагын зүгээс албадан хөдөлмөр, шахалт дарамтын арга хэрэглэдэгийг ч үгүйсгээгүй байна. Тайланд дурдсанаар эмнэлгийн ажилтнууд цалингаа бүрэн бүтэн авах нь ховор. Угтаа бол хөтөлбөрт хамрагдаж буй орнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөө багагүй мөнгө төлдөг ч эмч нарт үүнээс багахан хувь нь л оногддог аж. Мөн тэдэнд ажлын байраа орхих, орон нутгийн иргэдтэй ойр дотно харилцаа тогтоохыг зөвшөөрдөггүй. Түүгээр ч үл барам засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдэд улс төрийн мессеж түгээхийг тэднээс шаарддаг аж.

Кубын эрх баригчид ийм төрлийн буруутгалыг эртнээс нааш няцаасаар ирсэн.

Гэхдээ үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдмал Куба улсад айж эмээлгүйгээр байр сууриа илэрхийлсэн зарим эмч нарын мэдээлж буйгаар эрүүл мэндийн бригадууд нь олон улсын эв санааны нэгдлийг бэхжүүлэх хэрэгсэл хэвээр байгаа аж. Эмч нар туслах боломж нь байвал бүх л хүнд туслана гэсэн үзэл баримтлалыг баримталж буй ч бодит байдал арай төвөгтэй. Учир нь Куб улс эдгээр бригадыг засгийн газрын орлого бүрдүүлэх хэрэгсэл болгон ашигладаг. АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд дурдсанаар Куба улс жил бүр дөрвөн тэрбум ам.доллар хүртэлх орлого олдог. Гэвч Кубын эрх баригчид энэ тоог няцаадаг юм.

Америк тив дэх Хүний эрхийн комиссын тайланг баталсан өөр эмч нар ч бий. Тухайлбал, Венесуэльд ажиллаж байсан хоёр эмч анхандаа Кубад олдохгүй эдийн засгийн боломж гэж олзуурхан бригадад элссэн боловч удалгүй удирдлага болон тогтолцооны мөлжлөгт сэтгэл гонсойсон гэж ярьжээ. Эмч нарын ур чадвар хэдий үнэ цэнтэй ч гэлээ геополитикийн ашиг сонирхолд үйлчилдэг ойлголтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тэд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн