ЕРЕВАН, 2026 оны зургаадугаар сарын 5 /Kazinform/. “Олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Трампын зам” (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP) төслийн суурь хэлэлцээрт гарын үсэг зурах үйл явцыг Армени, Америк хоёр улс албан ёсоор дуусгасан тухай Арменийн Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян мэдэгджээ.
Түүний хэлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Арменид айлчлах үеэр буюу тавдугаар сарын 26-ны өдөр уг гэрээг үзэглэсэн байна.
“Хэдэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог Арменид айлчлах үеэр бид суурь хэлэлцээрийг үзэглэсэн. Үүний дараа баримт бичгийг Америкийн тал гарын үсэг зурж, Ереван руу илгээсэн бөгөөд би Бүгд Найрамдах Армени Улсыг төлөөлөн гарын үсгээ зурлаа. Ингэснээр зайнаас гарын үсэг зурах ажиллагаа бүрэн дуусаж, хэлэлцээрийг соёрхон батлахад бэлэн болоод байна” гэж А.Мирзоян мэдэгджээ.
Уг төслийн хүрээнд Арменийн нутаг дэвсгэрт авто зам, төмөр зам, нефть-хийн дэд бүтэц зэрэг тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү төсөл нь Арменийн нутгаар дайран өнгөрөх 42 орчим км урт замаар Азербайжаныг Нахичеван хоттой холбох бөгөөд цаашлаад Турк руу гарах боломжтой болно.
Армени, Америк хоёр улс TRIPP төслийн хүрээнд Арменийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх хамтарсан компани байгуулахаар тохиролцсон тухай өмнө нь мэдээлж байсан юм.