Зеленский Путинд нүүр тулан уулзах санал тавьжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан нээлттэй захидал илгээж, дайныг зогсоохын тулд нүүр тулан уулзах санал тавьжээ. Тэрбээр “уулзалтын товыг тогтоохыг санал болгож байна” хэмээн мэдэгдэж, энх тайванд хүрэх цорын ганц зам нь Украин, Оросын хоорондын шууд яриа хэлэлцээ гэж онцолсон байна.

Зеленскийн захидал түүний албан ёсны цахим хуудсанд Пүрэв гаригт (2026.06.04) нийтлэгдсэн бөгөөд Европ дахь дайн дахин АНУ-ын анхаарлын төвд орохыг хүлээж суух нь “буруу” гэж дурджээ. Түүний үзэж буйгаар энхийн үйл явцыг хойшлуулах бус, шууд дипломат харилцааг эхлүүлэх шаардлагатай аж. Украины төрийн тэргүүн уулзалтыг Швейцар, Турк болон Арабын ертөнцийн аль нэг улсад зохион байгуулж болохыг санал болгосон байна. “Дайн ба энх тайвны асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн тэргүүнүүдийг уламжлал ёсоор хүлээн авдаг олон улс бий.

Гол асуудлуудыг удирдагчид өөрсдөө шийддэг. Урьд нь ч тийм байсан, цаашид ч тийм байх болно” гэж Зеленский захидалдаа бичжээ.

Тэрбээр мөн Европын орнууд зэрэг нөхцөл байдалд бодитой нөлөө үзүүлж, аюулгүй байдлын баталгаа гаргаж чадах бусад талууд хэлэлцээнд оролцож болохыг онцолсон байна. “Одоогийн фронтын шугам бол дипломат харилцаа эхлэх ёстой шугам юм” хэмээн Зеленский тэмдэглэжээ. “Оросын ард иргэд дайнаас залхаж байна” 1800 гаруй үгтэй захидалдаа Зеленский дайны үр дагавар Оросын нийгэмд улам бүр мэдрэгдэж байгааг онцолсон байна. “Таны дайн манай улсад авчирсан бүх гай зовлонгийн дараа бид Оросын цэргүүдийн хувь заяанд санаа зовж байгаа юм биш. Харин би украинчуудынхаа төлөө санаа зовж байна. Бид хүмүүсээ алдаж байна, алдагдал бүр бидэнд маш хүнд тусдаг” гэж тэр бичжээ. Мөн тэрбээр Оросын иргэд Украины дрон, пуужингийн цохилт, шатахууны хомсдол, үнийн өсөлт болон удаан үргэлжилж буй дайнаас залхаж эхэлсэн гэж мэдэгдсэн байна. “Одоо таны албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, суртал ухуулагчид тан руу илт ядарсан харцаар харж байна” хэмээн Зеленский бичээд, Оросын армийн сар бүрийн хохирол амь үрэгдэгсэд болон хүнд шархадсан хүмүүсийг нийлүүлээд 30 мянгаас давж байгааг дахин дурджээ.

Тэрбээр мөн Путиныг шууд шүүмжилж, “Та НАТО, геополитик, орос хэлний талаар юу ч ярьсан бай, энэ дайн бол таны хувийн сонголт, ямар ч бодит шалтгаангүй дайн юм. Түүхэнд яг ингэж л үлдэнэ” гэж онцолсон байна.

Зеленский захидлынхаа төгсгөлд Путиныг дайныг дуусгах шийдвэр гаргахыг уриалан, “Энэ дайнаас гарах замыг сонгохоос бүү ай. Одоо танаас хамгийн их шаардагдаж байгаа зүйл бол энэ” гэжээ. Тэрбээр мөн “Хэрэв та дайныг дуусгах цаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол Оросын төлөө бус, харин өөрийнхөө оршин тогтнолын төлөө улам их тэмцэх хэрэгтэй болно” хэмээн анхааруулсан байна. Кремль захидлыг хүлээн авчээ Кремль Зеленскийн захидлыг хүлээн авснаа баталж, Путиныг агуулгатай нь танилцуулна гэж мэдэгдсэн байна. Энэ нь Украины талаас анх удаа гаргаж буй санал биш бөгөөд өмнөх тохиолдлуудын адил Кремль Зеленскийг Москвад ирж Путинтэй уулзах боломжтой гэсэн байр сууриа илэрхийлжээ. Зеленскийн захидал нийтлэгдсэн өдөр Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гадаадын сэтгүүлчидтэй уулзсан юм. Тэрбээр захидлын агуулгыг хараагүй байсан бололтой ч “Украинтай тохиролцоонд хүрэхэд бэлэн бөгөөд хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Оросын ерөнхийлөгч энхийн тохиролцоонд хүрэхийн тулд хоёр тал буулт хийх шаардлагатай гэж онцолжээ. Путины олон жилийн байр суурь хэвээр байгаа бөгөөд Украин Оросын хэсэгчлэн эзэлж буй Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудаас цэргээ гаргаж, НАТО-д элсэх зорилгоосоо татгалзах ёстой гэж үзсээр байна. Харин Украин газар нутгийн буулт хийхийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд ийм алхам нь Оросыг ирээдүйд дахин түрэмгийлэл хийхэд өдөөж болзошгүй гэж үздэг. Путин мөн өөрийн хэвлэлийн бага хурлын үеэр Зеленскийн эрх зүйн статусын талаар эргэлзээ илэрхийлжээ. “Ноён Зеленский Украины хууль ёсны төлөөлөгч мөн эсэх нь хуульчид болон эрх зүйн шинжилгээ хийх хүмүүсийн шийдэх асуудал” гэж тэр хэлсэн байна. Мөн тэрбээр Донбассын бүс нутгийг бүрэн хяналтдаа байлгах нь мөргөлдөөнийг зохицуулахтай зөрчилдөхгүй гэж мэдэгджээ. Трамп уулзалтыг дэмжив АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зеленский, Путин хоёрын уулзалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. “Тэд уулзвал маш сайн хэрэг болно гэж бодож байна. Тэд уулзах ёстой. Асуудлыг шийдэх хэрэгтэй” гэж Трамп хэлжээ. Хоёр тал ямар буулт хийх шаардлагатай талаар асуухад тэрбээр тодорхой байр суурь илэрхийлэхээс татгалзсан ч “хоёр тал тодорхой хэмжээний буулт хийх хэрэгтэй бөгөөд тэд үүнийг хийнэ гэж найдаж байна” гэж мэдэгдсэн байна. Сүүлийн саруудад гал зогсоох хэлэлцээ ахицгүй байгаа бөгөөд Женев, Абу-Даби, Истанбулд болсон өмнөх энхийн яриа хэлэлцээнүүд бодит үр дүнд хүрээгүй юм. Ийм нөхцөлд Зеленскийн шинэ санал нь Москва, Киевийн хооронд шууд дээд түвшний уулзалт зохион байгуулах замаар энхийн үйл явцыг сэргээх оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн