FASHION
Энэтхэгийн хойд хэсгийн Панипат хотод дэлхийн өнцөг булан бүрээс хуучин хувцас машин машинаар ирдэг. АНУ, Их Британи, Япон тэргүүтэй орноос ирсэн хуучин хувцаснуудыг тоос шороо ихтэй, бүдэг гэрэлтэй үйлдвэрт дахин боловсруулдаг. Үйлдвэрийн агуулахад хувцаснууд таазанд тултал овоорсон байх аж. Тус үйлдвэрийн зарим хэсэгт хувцаснуудыг цахилгаан, товч зэргээс нь салгах бол өөр нэг хэсэгт даавууны нарийн ширхэгийг утас болгон ээрч, будаж, цайруулна. Ингээд эцсийн шатанд тэдгээрийг дахин нэхэн, дэвсгэр, хивс, хөнжил сэлт болгодог.
Ажилчид цаг хугацаатай уралдан чөлөө завгүй өдрийг өнгөрөөнө. Тэд өөдөснүүдийг өнгө болон даавуугаар нь ялган ангилж, дэлхийн хэрэглээний хурдыг гүйцэхээр бүтээгдсэн системийг ажиллуулдаг.
Өөрөөр хэлбэл, “fast fashion” буюу хүмүүс илүү их хувцас худалдан авч, богино хугацаанд өмссөн болоод хаядаг орчин үеийн чиг хандлага Панипатад ирээд төгсөж байна. “Fast fashion”-ы эцсийн цэг нь Панипат болж байна. Удаан өмсч хэрэглэх зориулалтаар бүтээгдээгүй эдгээр хувцаснаас жил бүр нэг сая гаруй тонн нь энд ирдэг.
Өнгөц харвал энэ нь “fast fashion”-аас үүдэлтэй хог хаягдлын шийдэл мэт. Гэвч бодит байдал дээр дахин боловсруулалт хүртэлх алхам бүр нь Панипатын оршин суугчид, байгаль орчинд сүйрлийн үр дагавартай.
Хөвөнгийн нарийн ширхэг үйлдвэрийн ажилтны арьс, үрчлээнд гүн шингэсэн байдаг. Үүнээс илүү аюултай нь тэдгээр жижиг ширхэг хүний хоолой, уушги руу нэвчин ордог явдал юм.
Ражеш нэртэй ажилтан өдөржин ханиалгаж, байнга амьсгаа нь давчиддаг гэдгийг “CNN”-ийн сурвалжлах багт ярьжээ. Тэр энэ агаараар хэдэн арван жил амьсгалсан бөгөөд байнгын хуурай ханиалгадаг. Гэсэн ч түүнд үргэлжлүүлэн ажиллахаас өөр сонголт байхгүй. Хуучин хувцас дахин боловрсуулалтын салбар Панипат болон ойролцоох бүсэд хэдэн зуун мянган ажлын байрыг дэмждэг. Ражешийн нэгэн адил дотоодын ядуу цагаачид бага ч гэсэн тогтвортой орлогод нь найдан энд ажилладаг.
Даавуу, хөвөнгийн нарийн ширхэгээс гадна нэхмэлийн үйлдвэрлэлд ашиглагддаг химийн бодисууд нь ажилчдын эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. Гэсэн атал эдгээр үйлдвэрт амны хаалт зүүж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг сахьсан ажилтан бараг үгүй.




Панипатын нэхмэлийн салбар дахь эрсдэл үүгээр дуусахгүй. Энэхтэгийн нэхмэлийн хот гэгддэг Панипатад үйлдвэрлэл голчлон албан бус хөдөлмөр дээр тулгуурладаг. Эндхийн ихэнх ажилчин эрүүл мэндийн даатгал болон албан ёсны хангамжгүй. Хэрэв тэд өвдөх, эсвэл гэмтсэн тохиолдолд ажил олгогчоосоо ямар ч тэтгэмж, дэмжлэг авахгүй.
Санагар Алам нэртэй ажилтан өмнө нь будах үйлдвэрт ажилладаг байжээ. Үйлдвэрлэлийн явцад түүний арьс дээр химийн бодис дуссаны улмаас шарх нь идээт үрэвсэл болон хүндэрчээ. Гэвч ажилчид эмчилгээний зардлаа өөрсдөө л даадаг, компани хариуцдаггүй гэдгийг тэр ярьж байна.
“CNN”-ийн сурвалжлах багийн очсон нэгэн үйлдвэрт ажилчид халуун, хортой химийн бодисуудыг зүгээр л нүцгэн гараараа барьсан байжээ. Бээлийгүй, амны хаалтгүй. Тэдгээр ажилчдын арьсыг идэмхий бодисоос, уушгийг нь утаанаас хамгаалах юу ч байгаагүй.
Гэвч албаны хүний хэлж буйгаар ажилчдад үйлдвэрээс хамгаалах хэрэгсэл тарааж өгдөг боловч боловсрол нимгэн улс өөрсдөө зүүж, хэрэглэдэггүй гэх.
Амьсгалын замын өвчнөөр мэргэшсэн эмч Бхавани Шанкарын хэлэхээр, Панипатын үйлдвэрийн ажилтнуудад бүгдэд нь ижил төстэй шинж тэмдэг илэрдэг. Тэд бүгдээрээ цаг хугацаа өнгөрөх тусам хүндэрдэг амьсгалын замын асуудалтай эмч дээр ирдэг.
Гэтэл Панипат орчим буюу Энэтхэгийн хойд хэсэг хэзээнээсээ л дэлхийн хамгийн их бохирдолтой бүс нутагт тооцогдсоор иржээ. Үүнд, автомашин болон үйлдвэрийн ялгаруулалт, тариалангийн үлдэгдэл шатаалт, барилгын тоос зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйл дээр үйлдвэрийн ажилтнуудын хувьд хортой ажлын орчин нөлөөлдөг аж.
Гэвч хохирол үүгээр дуусахгүй. Нэхмэл эдлэлийг будах болон цайруулах явцад гарсан хаягдал шингэнийг ихэвчлэн ил задгай шуудуу руу асгардаг. Ингэснээр Панипат болон ойролцоох бүсийн сая сая хүний хэрэглэдэг ундны ус бохирдож байгаа юм.
Харамсалтай нь эрсдэлийг үл харгалзан угаалга, усалгаа, газар тариалан гээд юм бүхэнд хортой усыг хэрэглэсээр байна.
Панипатад 2022 онд хийсэн судалгааг харвал, айл өрхүүдийн 93 хувь нь ноцтой эрүүл мэндийн асуудалтай байна. Хорт нөлөөнд автаагүй хүн бараг байхгүй. 15 жилийн өмнө байдал ийм байгаагүйг нутгийн эмч ярьж байна. Панипатад өдгөө арьсны өвчин, харшил, хавдрын тохиолдол эрс өсч байна.
Угтаа бол засгийн газар Панипат дахь хууль бус үйлдвэрүүдийг хаах мэдэгдэл гаргаж, зарим үйлдвэр болон гүний худгийг лацадсан. Гэвч хаа хаанаа хариуцлагагүй байгаа учир дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Засгийн газар нь ч, үйлдвэрлэл эрхлэгчид нь ч, иргэд олон нийт өөрсдөө ч хайнга, хариуцлагагүй байгааг мэргэжлийн эмч хэлж байна.
Панипатаас гаралтай хортой ус явсаар явсаар Энэтхэгийн хойд хэсгийн, тэр дундаа Делигийн сая сая хүний ундны усны эх үүсвэр болох Ямуна голд хүрдэг.
Хуруу даран тоочиж болох ийм олон эрсдэл байсаар байгаа ч Панипатад дэлхийн өнцөг булан бүрээс хуучин хувцаснууд ирсээр л байна. Энд ангилагдаж, дахин нэхэгдсэн хувцаснууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд эргэн нэгдсээр байна. Хэдийгээр хуучин хувцас шинэ амьдралтай болж байгаа нь сайшаалтай ч хэтэрхий өндөр төлөөсийг нь энгийн ард иргэд төлж байна.
