К.Алькарас Австралид анх удаагаа түрүүллээ

СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 1 /ТАСС/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Испанийн теннисчин Карлос Алькарас Австралийн нээлттэй тэмцээний финалд Сербийн тамирчин Новак Жоковичийг хожсоноор тус тэмцээнд анх удаагаа түрүүллээ.

Өнөөдөр Мельбурн хотын хатуу хучилттай талбайд болсон тоглолтод К.Алькарас өрсөлдөгчөө 2:6, 6:2, 6:3, 7:5 харьцаагаар буулган авсан бөгөөд тоглолт 3 цаг 2 минут үргэлжилжээ.

Ингэснээр тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Их дуулгын бүх тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу теннисчнээр тодорч байна. Өмнө нь Ролан Гаррос, Уимблдон, US Open тэмцээнүүдэд тус бүр хоёр удаа түрүүлээд байсан бөгөөд харин Австралийн нээлттэй тэмцээнд шөвгийн 8-аас цааш тоглож байгаагүй юм.

Өмнөх дээд амжилтуудыг дурдвал, теннисний спортод Нээлттэй эрин эхэлсэн үе буюу 1968 онд сонирхогчидтой тоглохыг мэргэжлийн тамирчдад зөвшөөрсөн тэр үеэс хойш Испанийн теннисчин Рафаэл Надаль /24 настайдаа/ Их дуулгын бүх тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчин гэгдэж байв.

Харин Нээлттэй эринээс өмнө Америкийн тамирчин Дон Баж (22 жил 363 хоногтой) уг рекордыг эзэмшиж байсан бол К.Алькарасын нас энэ удаагийн Australian Open-ы финалд тоглох үед 22 жил 272 хоног байлаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн