Н.Жоковичийн цохиур хагас саяас давсан үнээр зарагджээ

КАЛИФОРНИ, 2026 оны хоёрдугаар сарын 2 /ESPN/. Их дуулгын тэмцээнүүдэд 24 удаа түрүүлсэн Сербийн теннисчин Новак Жоковичийн хэрэглэж байсан цохиур 540 мянган ам.долларын үнэд хүрч зарагджээ.

2012 оны Австралийн нээлттэй тэмцээнд түүний барьж тоглосон уг цохиур бямба гарагт Калифорни дахь SCP Auctions ордонд болсон дуудлага худалдаагаар хагас саяас дээш үнээр зарагдсанаар дээд амжилтыг тогтоолоо. Өмнө нь 2023 оны Уимблдоны тэмцээний финалд Испанийн тамирчин Карлос Алькарасын барьж тоглосон цохиур 173 мянган ам.доллароор зарагдсан нь рекорд байв.  

Н.Жоковичийн цохиур хагас саяас давсан үнээр зарагджээ

14 жилийн өмнө Их дуулгын тэмцээний түүхэнд хамгийн удаан буюу 5 цаг 53 минут үргэлжилсэн финалын тоглолтод Н.Жокович уг ракетаар тоглож, Испанийн теннисчин Р.Надалийг хожсон юм.  

Өдгөө 38 настай Жокович Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ чансааны 4 дүгээрт бичигдэж байна. Тэрбээр тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 101 удаа түрүүлснээс Их дуулгад 24 удаа аваргалсан нь түүхэн дээд амжилт юм. Мөн 2024 оны Парисын Олимпын аварга, 2008 оны Бээжингийн Олимпын хүрэл медальт, 2010 оны Дэвисийн цомын эзэн юм. Түүнээс гадна, Жокович дэлхийн чансааг 428 долоо хоногийн турш тэргүүлсэн нь бас нэгэн дээд амжилт билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн