Хятадын өндөр албан тушаалтнуудын цэвэрлэгээ үргэлжилсээр, энэ удаад Гадаад хэргийн дэд сайд Сун Вейдоныг албан тушаалаас нь огцрууллаа. Тус улсын Хүний нөөцийн яам Төрийн зөвлөлийн шийдвэрээс гаргасан энэхүү мэдээг Мягмар гаригт /2026.04.14/ албан ёсны цахим хуудсаараа танилцуулжээ. Гэхдээ Сун Вейдоныг чухам ямар шалтгаанаар, хэзээ огцруулсан талаар тодорхой дурдаагүй байна.
Гадаад хэргийн яамны цахим хуудсанд мэдээлснээр Сун Вейдон хамгийн сүүлд гуравдугаар сарын 13-нд Бруней, Малайз улсын Элчин сайдуудтай уулзжээ. Мөн хоёр өдрийн өмнө Хятад дахь Пакистаны Элчин сайд Халил Хашмитай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэнийг Халил Хашми “Х” хаягтаа нийтэлсэн байна.
Хятадын засгийн газар энэ зэргийн өндөр албан тушаалтныг огцруулах нь нэг бол тухайн хүн сахилгын шийтгэл авсныг илтгэнэ, эс бол өөр албан тушаал хүлээж авсан ч байх магадлалтай. Мөн харьцангуй залуу настай байсан ч тэтгэвэртээ гарч байх магадлал бий. Хэрвээ сахилгын шийтгэл авсан бол удалгүй мөрдөн байцаалтын тухай мэдээ араас нь дуулддаг.
Сун Вейдоны тухай мэдэгдэлд Үндэсний төмөр замын захиргааны дэд дарга Ан Лушены албан тушаалаасаа огцорч буй тухай мэдээ мөн багтжээ.
Ши Жиньпин дарга 2013 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш авлигын эсрэг өргөн цар хүрээтэй кампанит ажил явуулж “бар болон ялаа”-нуудыг баривчилж, шалгаж, огцруулж эхэлсэн. “Бар болон ялаа” гэх үгсээр Хятадын засгийн газрын өндөр болон доод албан тушаалтнуудыг нэрлэдэг. Өнгөрсөн жил л гэхэд улсын хэмжээнд нэг сая гаруй авлигын хэрэг шалгагдаж, 938 мянган хүнд сахилгын арга хэмжээ авчээ. Сахилгын хяналтын төв комисс болон Үндэсний хяналтын комиссын жилийн эцсийн тайланд мэдээлснээр, эдгээрээс 69 нь муж, яамны түвшний албан тушаалтан байсан бол 4155 нь товчооны түвшний, 35 мянга нь хошууны түвшний, 125 мянга нь хот суурингийн түвшний албан тушаалтан байжээ.