ОУВС дэлхийн эдийн засгийн төлөвийг 3 хувилбараар танилцуулжээ

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын шинэчилсэн тайлангаа өнөөдөр /2026.04.15/ танилцууллаа. Юун түрүүнд энэ үеэр АНУ, Израилийн Ираны эсрэг эхлүүлсэн дайн дэлхийн эрчим хүчний салбарт урьд өмнө байгаагүй хямрал авчирч болзошгүй байгааг анхааруулав.

Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуриншас “АНУ Ираныг хэлэлцээрийн ширээний ард суулгахын тулд Ормузын хоолойг хаасан нь дэлхийн эдийн засагт өөр нэгэн хүнд сорилтыг авчирч байна. Ормузын хоолойг хааж, дэлхийн нүүрсустөрөгчийн хангамжийн төвд орших чухал байгууламжуудад ноцтой хохирол учруулсан нь дайн үргэлжилсээр байвал эрчим хүчний томоохон хямрал үүсэх магадлалыг нэмэгдүүлж байна” гэсэн юм.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын тайланд гурван өөр хувилбар танилцуулжээ.

“Тайван” буюу харьцангуй нааштай хувилбарт дурдсанаар, Ираны дайн хэдхэн долоо хоногийн дотор дуусч, оны дунд үе гэхэд эрчим хүчний зах зээл хэвийн байдалдаа орно гэж үзжээ. Энэ хувилбар биелвэл энэ жилийн дэлхийн эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай байх болно. Энэ нь Олон улсын валютын сангийн дайнаас өмнө буюу нэгдүгээр сард гаргасан таамгаас 0.2 хувиар бага үзүүлэлт юм. Мөн энэ хувилбараар инфляци 4.4 хувьтай байх бөгөөд энэ нь өмнөх 3.8 гэсэн таамгаас хавьгүй давсан үзүүлэлт болж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаагаас шалтгаалаад дараагийн хоёр хувилбарыг танилцуулсан.

“Сөрөг” хувилбарт дурдсанаар, газрын тосны үнэ 2026 он дуустал баррель нь ойролцоогоор 100 ам.доллар байвал дэлхийн эдийн засгийн өсөлт 2.5 хувьтай байна. Харин инфляци 4.4 хувьд хүрнэ.

Хамгийн муу буюу “хүнд” хувилбарт дурдсанаар, эрчим хүчний хямрал үргэлжилсээр, газрын тосны үнэ энэ жил 110 ам.доллар, дараа жил 125 ам.доллар хүрвэл дэлхийн эдийн засгийн өсөлт хоёр хувьтай гарна. Харин инфляци дунджаар 5.8 хувьд хүрнэ гэж таамаглажээ.

“Хүнд” хувилбарын тухайд дэлхийн эдийн засаг хямралд ороход тун ойр байгааг илтгэх юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн өсөлт хоёр хувиас доош орох үед хямрал гэж үздэг. Ийм зүйл 1980 оноос хойш ердөө дөрвөн удаа тохиолдсон бөгөөд хамгийн сүүлийн хоёр тохиолдол нь дэлхийн санхүүгийн хямрал болон Covid-19 цар тахлын үе байжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн