АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны асуудлаас болоод Гренландыг хэсэг мартсан байсан бололтой. Гэвч талууд гал зогсоох тохиролцоонд хүрснээр түүний Гренландыг авах сонирхол дахин идэвхжжээ.
Тэрбээр Лхагва гаригт /2026.04.08/ “НАТО ЯГ ХЭРЭГТЭЙ ЦАГТ БАЙГААГҮЙ. ДАХИН ТЭДНИЙ ХЭРЭГ ГАРВАЛ БАС Л БАЙХГҮЙ БИЗ. ГРЕНЛАНДЫГ САНААЧ, ХӨӨРХИЙ ТЭР ХӨВЖ ЯВДАГ ХЭСЭГХЭН МӨС!!!” гэж жиргэсэн байна.
Трамп НАТО-ийн гишүүдийг Ираны асуудал дээр АНУ-тай нэгдээгүй гэж удаа дараа шүүмжилсэн. НАТО-ийн ийм хандлага Гренландаас эхтэй гэж тэр мэдэгдээд буй. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт ч НАТО-г Америкийн ард түмнээс нүүр буруулсан гэж шүүмжилжээ.
Дээрх мэдэгдлүүдээс гадна Пентагон Гренландад цэргийн тэлэлт хийхээр зорьж байгаа гэх мэдээллийг энэ сарын эхээр Нью-Йорк таймс хэвлэл нийтэлжээ. Тус нийтлэлд дурдсанаар АНУ Гренландад гурван нэмэлт бааз байгуулах талаар Данитай хэлэлцэж байж болзошгүй. Хэрвээ үнэхээр АНУ-ын бааз байгуулагдвал энэ нь сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд гарч буй анхны тэлэлт болно.
Ираны дайн нь дипломат харилцаанд шинэ хурцадмал байдал авчирсан бөгөөд НАТО-гийн гишүүн хэд хэдэн орон Ираны эсрэг АНУ-Израилийн дайныг дэмжихээс татгалзсан. Энэ хүрээнд АНУ-ын цэргийн онгоцонд агаарын орон зайгаа ашиглуулахгүй байж, Ормузын хоолойг нээлгэхэд туслахаас татгалзах шийдвэрүүд гаргажээ.