Дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн эхэлжээ

ПЕЖЕЙА, 2026 оны гуравдугаар сарын 30 /RIA Novsoti/. Дэлхийн аваргатай халз тоглох шатарчныг тодруулах тэмцээн Киприйн Пежейа хотод ням гарагт эхэлжээ. 

Уг тэмцээн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл сонгодог шатрын дүрмээр хоёр тойргоор явагдана.

Олон улсын шатрын холбоо (FIDE) дэлхийн шатрын аваргатай тоглох эрхийн төлөөх тэмцээнд оролцогчдын жагсаалтыг гуравдугаар сарын 5-нд танилцуулжээ. Эрэгтэйчүүдийн тэмцээнд ОХУ-ын их мастер Андрей Есипенко, АНУ-ын шатарчид болох Фабиано Каруана, Хикарү Накамүра нар, Нидерландын шатрын их мастер Аниш Гири, Германы шатрын их мастер Маттиас Блюбаум, Хятадын шатрын их мастер Вэй И, Узбекистаны шатрын их мастер Жавохир Синдаров, мөн Энэтхэгийн Рамешбабу Прагнанандха нар өрсөлдөж байгаа бөгөөд түрүүлсэн шатарчин Энэтхэгийн их мастер Гукеш Доммаражутай дэлхийн аваргын титмийн төлөө халз тоглох эрхтэй болно. 

Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд Оросын шатарчин Александра Горячкина, Екатерина Лагно, Хятадын шатарчин Жү Жиньэр, Тань Жүнъи, Анна Музычук Энэтхэгийн шатарчин Дивья Дешмукх, Хампи Конеру, Рамешбабу Вайшали нар, мөн Казахстаны их мастер Бибисара Асаубаева өрсөлдөж байна. Энэтхэгийн шатарчин Хампи Конеру Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор аюулгүй байдлын шалтгаанаар уг тэмцээнээс нэрээ татах шийдвэр гаргаснаа гуравдугаар сарын 22-нд мэдэгджээ. Түүний оронд Украины шатарчин Анна Музычук оролцож байна. Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолыг Хятадын шатарчин Жү Вэнжүн эзэмшиж байгаа юм.

ОХУ-ын шатарчин Александра Горячкина, Екатерина Лагно нар эхний тойрогт хоорондоо тоглож, 1/2:1/2-оор тэнцсэн байна. Эхний тойргийн бусад тоглолт мөн адил тэнцээгээр дуусжээ. Дивья Дешмух Анна Музычуктэй, Вайшали Рамешбабу Казахстаны шатарчинтай, харин Жү Жиньэр Тань Жүнъитэй тоглосон байна.

Эрэгтэйчүүдийн тэмцээнд Оросын их мастер Андрей Есипенко эхний өрөгт хожигджээ. Тэрбээр Узбекистаны шатарчин Жавохир Синдаровтой тоглосон байна. Оросын шатарчин хар өнгөөр, харин түүний өрсөлдөгч цагаанаар нүүсэн бөгөөд тоглолт 1:0 онооны харьцаатай дуусжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн